Х.Нямбаатар: “Рио Тинто” групп гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Рио Тинто” компаниас ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо нар мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Захидалд дурдсанаар “Рио Тинто” групп гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан.
Үүнтэй холбогдуулж Засгийн газарт “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэг их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой гэсэн байна лээ. Мөн Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэцээр хийхэд бэлэн байгаагаа дурьдаад, цаашид хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байгааг онцолжээ.
Засгийн газрын эзэмшиж байгаа “Оюу толгой” компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан. “Оюу толгой” компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа “Рио Тинто” группийн талаас илэрхийлсэн” гэлээ.
Лондоны Арбитрийн шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ хойш тавиад, маргаанаа түр царцаахыг Засгийн газраас хөрөнгө оруулагчид хүсжээ. Иймд ойрын хугацаанд талууд хэлэлцээр эхэлнэ. Ажлын хэсэг хажуудаа гурван зөвлөх баг ажиллуулна, 2009 онд гаргасан алдаагаа бид давтах ёсгүй. Төслөөс хүртэх Засгийн газрын өгөөжийг 53 хувьд хүргэхээр ажиллана гэдгийг Х.Нямбаатар сайд мөн дурьдаж байсан юм.
Харин ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо “Оюутолгой” компани хоёр удаа зардлаа хэтрүүлсэн. Анх ил уурхайд зардлаа хэтрүүлэхэд манай тал хүлээн зөвшөөрсөн. Харин гүний уурхайн зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн. Үүний шалтгааныг хөндлөнгийн шинжээчдээр шалгуулахад 157 хуудас, дэлгэрэнгүй дүгнэлт бидэнд өгcөн. Дүгнэлтэд санхүүгийн аудит хийлгэхийг зөвлөсөн.
Бид цаашдаа “Оюутолгой” компанид хяналт тавьж ажиллах ёстой. “Оюутолгой” компанийн байгуулсан Тусгай хороо маш сайн ажиллалаа. Үүнтэй адил төсөлд хяналт тавих чиг үүрэгтэй хороо ажиллах бүрэн боломжтой. Төслийн үйл явцад хяналт тавьж, өдөр тутам мэдээллээр хангадаг байх ёстой. “Эрдэнэс Оюутолгой” компанид “Оюутолгой”-гоос өгдөг мэдээлэл маш ерөнхий байна. Иймд нарийвчилсан мэдээлэл авдаг байх саналаа тус компанид гаргасан. Татварын хоёр акттай холбоотой маргаан Лондоны Арбитрын шүүхэд үргэлжилнэ. Энэ маргааныг бид биш “Оюутолгой” компани эхлүүлсэн. “Рио Тинто” групп 350 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг төллөө гээд энэ маргааныг зогсоохгүй” гэлээ.
Гүний уурхайн ашиглалт хойшилсноор Монгол Улсын төсөвт сөргөөр нөлөөлсөн. Цар тахлын улмаас улсын төсөв буурсан учраас хөрөнгө оруулагчид манайд төлөх ногдол ашгийг урьдчилан төлөх санал тавьсан ч судлах шаардлагатай гэж манай тал үзэж байна.
Ажлын хэсгээс захидлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн энэ захидал хэлэлцээрийн явцад чухал болохыг онцлоод ажлын хэсэг сайн судлаад, хэлэлцээрийн ширээний ард суухыг үүрэг болголоо.