“Хүүхдийн автобус”  тоосонд дарагдан үзүүлэн болж, 70 ширхэг автобусны  сураг тасрав  

Харанхуй гудамжаар даарч, нохойд хөөгдөх хүүхдүүдээ тав тухтай, хүртээмжтэй  автобусаар тээвэрлэх зорилгоор  “Хүүхдийн автобус” төслийг НЗДТГ  2019 оноос хэрэгжүүлж 2020 оны намар  75 ширхэг хүүхдийн автобус оруулж  ирэхээр гэрээ үзэглэсэн.

Ингээд эхний 5 автобусыг тухайн үеийн хотын удирдлагууд /С.Амарсайхан, Б.Отгонсүх/ 2020 оны 10-р сарын 13-ны өдөр нийслэлийн Боловсролын газар, Зорчигч тээвэр-3 компанид сүр дуулиантай хүлээлгэн өгч байв.Гэвч төд удалгүй 11-р сараас хөл хорио  тогтоож,  5 ширхэг хүүхдийн автобус нэг ч өдөр үйлчилгээнд яваагүй юм.

Автобусны нэг бүрийн үнийн талаар янз бүрийн мэдээлэл гарч олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан. Уг төслийн худалдан авах ажиллагааг хийсэн  “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн зүгээс 75 ширхэг автобусыг 23 тэрбум төгрөгөөр  буюу дунджаар нэг бүрийг нь 307 сая төгрөгөөр худалдан авч байгаа гэдэг мэдээлэл өгч байв.

Харин өдгөө  үлдсэн 70 хүүхдийн автобусыг оруулж ирсэн эсэх нь тодорхойгүй сураг тасарч,  хариулт өгөх эзэн  олдсонгүй.Түүгээр ч барахгүй  дарга нарын тууз хайчлан  шоу хийсэн 5 автобус  Зорчигч тээвэр-3 компанийн хашаанд  тоосонд дарагдан зогсч байна.

 

Угтаа бол хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдрүүдэд нийслэлийн төсвийн хөрөнгөөр  худалдан авсан автобуснууд хүүхдүүдэд үйлчилж байх учиртай. Гэвч  Зорчигч тээвэр-3 компанид Хүүхдийн автобус явах чиглэл, хуваар нь  Боловсролын яамнаас ирээгүй учир ийнхүү хүлээж байгаа гэжээ.

Хүүхдийн автобус төслийг хэрэгжүүлэгч “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК нь орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар. Өөрөөр хэлбэл  нийслэлийн Засаг даргын удирдлага, хяналтынх. Тиймдээ  ч тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, хяналтыг сайжруулна гэдгээ  тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан мэдэгдэж  байсан юм.

Төслийн хүрээнд эхний ээлжинд 75 автобус, үргэлжлүүлэн 200 хүүхдийн автобус оруулж ирэхээр төлөвлөж байв. Гэтэл уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлахын үлгэр болж эхний 5 автобусаа ч үйлчилгээнд гаргаагүй, 70 автобус  орж ирсэн эсэх нь бүрхэг болчихлоо.

Нийслэлчүүдийн эмзэг сэдэв болсон хүүхдийн автобусны хүртээмжгүй байдал хэдэн  дарга нарын PR, тендерээр мөнгө зувчуулж  гаршсан ажил гүйцэтгэгч нарын  олз болсон бол дэндүү харамсалтай.

 

Similar Posts

One Comment

  1. МОННИС ИДЧИХСЭЭН ОДОО ОНГОЦ БОЛЧИХСОН ГИСЭЖ ЯВНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *