Э.Эрдэнэжамъянг “Эрдэнэс метан”-ны захиралд “зүтгүүлж” байна
МАХН гэх хуучин нэрээ авч үлдэн тусдаа нам байгуулсан Н.Энхбаяр удтал хийсэн улстөрийн тэмцлээ зогсоож МАН-тай нэгдээд байгаа. Ийнхүү нэгдэхдээ намын дарга С.Энхбаяр, түүнийг олон жил дагаж, итгэл үнэмшилдээ үнэнч явж ирсэн хүмүүсээ намын аппаратад байршуулах, ажил албан тушаалд томилуулах тохироог хийсэн гэлцдэг.
Үүнийг нь гэрчлэх мэт МАН-ын Бага хурлын гишүүнээр МАХН-аас найман хүнийг оруулж, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Тулгыг МАН-ын нарийн бичгийн даргаар томилсон. Харин өчигдөрхөн Н.Энхбаярын хүү Н.Батшугарыг СХД-ийн 28-р тойрогт нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр намын бага хурал шийдвэрлэлээ.
Тэгвэл тохироо цааш үргэлжилж яам, агентлаг, төрийн өмчит компаниудад МАХН-ын угшилтай хүмүүсээ байршуулахаар зүтгүүлж байгаа гэх. Тодруулбал нийслэлийн МАХН-ын даргаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъянг “Эрдэнэс Метан” ТӨК компанийн захирлаар томилуулахаар зүтгүүлж байгаа мэдээлэл байна.
“Эрдэнэс метан” ХХК нь 2016 онд “Эрдэнэс Монгол” ХХК -ийн ТУЗ-ийн шийдвэрээр байгуулагдсан Төрийн өмчит компани. Сүүлийн жилүүдэд Тавантолгойн нүүрсний ордын нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэж, гадны хөрөнгө оруулалт татаж байгаа.
Тус компанийн гүйцэтгэх захиралд нэр нь яригдаж буй Э.Эрдэнэжамъянгийн хувьд “Эрдэнэс МГЛ” Төрийн өмчит компанид хуулийн хэлтсийн дарга, МНТК Монголын нүүрс тээврийн компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай.