ТОДРУУЛГА: Сумын сургуулийн багш нараас халдвар илэрч, танхимын сургалтаа түр зогсоолоо
Улс орон даяар хичээлийн шинэ жилийн нээлт өчигдөр болсон. Салбарын яам, Эрүүл мэндийн яамнаас халдвараас сэргийлж төрийн болон хувийн өмчийн сургуулийн багш, ажилтнуудыг бүрэн шинжилгээнд хамруулж, танхимын сургалтыг эхлүүлэх чиглэл өгсөн юм.
Тэгвэл урьдчилан сэргийлэх шинжилгээгээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын багш нараас халдвар илэрч, танхимын сургалтыг түр зогсоожээ.
Энэ талаар тус сумын сургуулийн захирал А.Рэнцэнхандаас тодруулахад “Аймгийн Эрүүл мэндийн төвөөс бүх багш нарыг PCR шинжилгээнд хамруулах боломжгүй тул түүврийн аргаар 18 багш ажилтнаас 8-р сарын 31-ний өдөр шинжилгээ авсан. Сургуулийн захиргаанаас 9-р сарын 1-ний орой бүх багш нараас түргэвчилсэн шинжилгээ авахад 3 багшаас халдвар илэрсэн. Гэхдээ түргэвчилсэн шинжилгээг баталгаажуулахаар аймгийн төв рүү илгээсэн. Танхимын сургалтыг түр зогсоож цахим хэлбэрт шилжүүлсэн” гэх мэдээлэл өглөө.
Түргэвчилсэн шинжилгээгээр халдвар илэрсэн багш нар 9-р сарын 1-нд сургууль дээрээ ирсэн байжээ. Багш нарын хариунаас хамаарч сурагчдаас шинжилгээ авах эсэх асуудал яригдах юм байна.