Талбайд өөрийгөө шатаасан залуу төмөр замын ажилд оролцож байсан уу?

Нийслэл хотын төв талбай буюу Сүхбаатарын талбайд  34 настай залуу өөр дээрээ шатахуун асган, шүдэнз зурсны улмаас амиа алдсан хэрэг өнөөдөр /2021.02.08/ 13:30 цагийн орчим гарсан. Амь хохирогч хэн болох,  ямар  шалтгаанаар дээрх үйлдлийг хийсэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна.

Албаныхны өгсөн мэдээллээр амиа алдсан залуугийн халааснаас 1987 онд төрсөн,  Э.Энхтөгс гэх бичиг баримт олдсон бөгөөд хэн болохыг эцэслэн тогтоохоор ажиллаж байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр амь хохирогчийг төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байсан, ажилласан хугацааныхаа цалин хөлсийг авч чадаагүй байсан гэх мэдээлэл  цацагдсан юм.

Гэхдээ дээрх мэдээллийг цагдаагийн байгууллагын эх сурвалж  үгүйсгэлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Т.Баатархүү “Амь хохирогчийг хэн болохыг тогтоосон. Эрхэлсэн тодорхой ажилгүй, явуулаар CD, үнэртүүлэгч зардаг. Ял шийтгэл эдэлж байсан, төмөр замын ажилчин байсан зэрэг мэдээлэл нь ташаа” гэлээ.

Мөн амь хохирогчийн  ар гэрийнхэн  талийгаачийг сүүлийн хэдэн сар ажилгүй гэртээ байсан гэх мэдээллийг өгсөн байна.

Үйл явдлыг харсан гэрчүүдийн мэдээллээр амь хохирогч Сүхбаатарын талбайн баруун талаас алхаж орж ирсэн бөгөөд  таван литрийн цэвэр усны саванд хийсэн шатахуун  өөр дээрээ асгажээ. Улмаар 20 орчим алхаад  шүдэнз зурж өөрийгөө шатаасан байна. Тухайн үед  хэрэг болсон газарт явж байсан хоёр залуу, цагдаагийн албан хаагч галыг унтраасан ч амь насыг нь аварч чадаагүй байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *