Ковидын халдвар энэ сарын дундаас хойш оргил үедээ хүрч, цаашид БУУРАХ хандлагатай
Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаанаар коронавирусын халдварын нөхцөл байдалд авч буй хариу арга хэмжээ, вакцинжуулалтын үр дүн, малын гоц халдварт шүлхий өвчний үед хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Эрдэмтэн судлаачдын тооцоллоор Ковидын халдвар энэ сарын дундаас хойш оргил үедээ хүрч, цаашид буурах хандлагатай байна. Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 70 гаруй хувь нь биеийн байдал хөнгөн бөгөөд хүндрэл ерөнхийдөө багасчээ.
Улсын хэмжээнд зорилтот бүлгийн 70 гаруй хувь нь вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан тул нас баралт буурах хандлага ажиглагдаж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Өдгөө бүртгэгдэж буй нийт халдварын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байгаа ч вакцинжуулалтын үр дүнд 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ.
ЭМЯ-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар вакцины III тун нь нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлжээ. Тиймээс хүн амыг яаралтай III тунд хамруулах шаардлагатай байгааг Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр хэллээ.
Өнөөдрийн байдлаар 70 мянган иргэн III тунд хамрагдаад байна.