Төрийн өмчит, эрчим хүчний салбарын компаниуд алдагдалтай ажиллаж байна

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах талаар танилцуулжээ. Өнөөдрийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна.

Эдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаагийн дийлэнх нь эрчим хүчний салбар гэдгийг албаны төлөөлөл Ерөнхий сайдад танилцуулсан.

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх хороо юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрхлэх асуудлынхаа хүрээнд бэлтгэсэн танилцуулгаа Ерөнхий сайдад ийн танилцууллаа.

Төрийн өмчит компаниудыг үйл ажиллагааных нь чиглэлээр нэгтгээд корпорац болгох саналыг тус газраас гаргажээ. Ингэснээр тусдаа үйл ажиллагаа явуулж байсан газруудыг төвлөрүүлж, бодлого нэг газар зангидна гэж үзсэн байна. Үүний тулд хувьцаа эзэмшигчийн эрхийг төвлөрүүлэх, хэрэгжүүлэх, салбарын яамдын оролцоог хангасан бүтэцтэй байх, хөрөнгийн болон хүний нөөцийн оновчтой менежмент хийх, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцох боломжийг хангах шаардлагатайг ч мөн хэллээ.

  • 2011 онд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд хоёр их наяд төгрөгийн орлоготой байсан бол
  • 2021 онд 10 их наяд болж нэмэгдсэн байна.

Хэдий орлого нэмэгдсэн ч зардал дагаад өссөнийг албаны төлөөлөл танилцуулав. Эдгээрээс гадна орон нутгийн өмчит 275 компанид 18 мянган ажилтан, алба хаагч ажилладаг.

Танилцуулгыг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бидэнд өнөөдөр үгүйлэгдэж байгаа зүйл нь хяналт, аудит. Түүнээс газрыг корпорац болгож, өргөжүүлснээр асуудал шийдэгдэхгүй. Төрийн өмчийн компаниуд алдагдалгүй ажиллах нь чухал” гээд орон нутгийн болон төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулж, ашигтай ажиллуулах талаар төлөвлөгөө боловсруулж ирэх долоо хоногт танилцуулах үүрэг өглөө.

Мөн төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдээс аль салбарыг нь хувьчилбал ашигтай байх талаар судалж, танилцуулахыг даалгав гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *