С.Наранцогт: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар намайг ГҮТГЭСЭН

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Сангийн яамны зарим албан хаагчтай холбоотой, үндэслэлгүй мэдээлэл гарсан. Хотын дарга биднийг үндэслэлгүй гүтгэлээ.

Энэ сарын 6-нд буюу өчигдөр Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдэл хийв. Тэрээр “Бид 30 автобус худалдан авах тендер зарласан ч Сангийн яамныхан болон Төрийн нарийн бичгийн дарга дөрөв дэх компанийг шалгаруул, эс бөгөөс АТГ-т өгнө гэсэн. Тэд санхүү, мөнгөний ашиг сонирхолтой, сүүлийн 30 жил ингэж ажиллаж ирсэн” гэж албан хаагчдыг илт гүтгэжээ.

Иймд бид хариу тайлбар өгөх зорилгоор энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна. Хариуцлагатай, өндөр албан тушаал хашдаг хүн бусдын нэр хүндэд халдсанд харамсаж байна. Энэ асуудалтай холбоотойгоор Сангийн яамнаас нийслэл рүү явуулсан албан бичгийг сэтгүүлчдэд одоо тараана. Энэ албан бичигт аль нэг компанийг шалгаруулах тухай огт дурдаагүй.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д зааснаар тендертэй холбоотой гомдол гаргавал манай улсын байцаагч тендерийн материалтай танилцдаг. Дараа нь дүгнэлтээ гаргаж, Худалдан авах ажиллагааны газар болон Хуулийн хэлтсийн дарга нараар хянуулдаг.

Төрийн худалдан авах ажиллагаа буюу тендертэй холбоотой гомдлыг ААН-үүд маш их гаргадаг. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нийтийн тээврийн хэрэгсэл нийлүүлэх тендер зарлажээ. Энэ тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч шалгарч чадаагүй нэг компани гомдол гаргажээ. Төрийн нарийн бичгийн даргын хувьд би тэрхүү дүгнэлтийг албажуулдаг.

Нийслэлийн парк шинэчлэлийн тендерийн талаар товч мэдээлэл өгье. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 60 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авахаар зарлажээ. Долоон компани энэ тендерт оржээ.  Захиалагч тал “Сүлдэр хан минерал” гэх компанийг шалгаруулсан байна. Гэвч гурван компани Сангийн яаманд 18 зүйлээр гомдол гаргасан.

Төрийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгохын тулд бид цахим систем нэвтрүүлсэн. Татварын мөнгийг олон нийтийн хяналт дор нээлттэй явуулахын тулд хэд хэдэн хуульд ч өөрчлөлт оруулсан юм. Худлаа зүйлийг үнэн, үнэнийг худлаа болгох ямар ч боломжгүй. Гэтэл гомдол гаргасан компаниуд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзжээ” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *