У.Хүрэлсүх: Монгол Улс вакцинжуулалтаараа дэлхийн дунджаас 6 сараар түрүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт эхэллээ. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, бизнес эрхлэгчдийн саналыг сонсож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ төр, засаг багагүй төсөв, хөрөнгө зарцуулсны дүнд тодорхой эерэг үзүүлэлт гарч байгаа хэдий ч цар тахлын аюул хэзээ дуусах нь тодорхойгүй байгааг тэмдэглэв.
Цаашид иргэдийн бодит орлогыг өсгөх, үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, авлига, хээл хахуулийг таслан зогсоох, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг тулгамдсан олон асуудал байгааг хэлэв.
Тиймээс эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.
Тэрээр “ДЭМБ, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр манай улсад хийж буй дархлаажуулалт харьцангуй хурдтай үргэлжилж байна. Дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоогоор зургаан сараар түрүүлж байна. Манай улсын иргэдийн 65 хувь нь дархлаажуулалтын 2 тунг хийлгэжээ. Дархлаажуулалт нь цар тахлыг хохирол багатайгаар даван туулахад тус болно” гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцууллаа. Тэрээр “Өнөөдрийн уулзалт 2020 оны улсын төсвийг хэлэлцэхэээс өмнө болж байгаагаараа онцлог. ҮАБЗ-ийн гишүүд, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагч нартай хамт хуралдсан тохиолдол сүүлийн 30 жилд байгаагүй.
Цар тахал латин цагаан толгойн хаана нь хүрч дуусахыг бид мэдэхгүй. Эрүүл мэндийн сацуу эдийн засгаа ч хамтад нь анхаарч явах, бодит үнэнтэй нүүр тулах, цар тахлыг даван туулах цаг ирлээ. Дэлхий даяар тээвэр логистикийн үйл ажиллагаа удааширлаа. Учир нь улс орнуудын вакцинжуулалт харилцан адилгүй байна. Иймд улс орнуудын тээврийн шаардлага, дүрэм журам ихээхэн өөр өөр байна. БНХАУ ирэх онд өвлийн олимпыг зохион байгуулах тул хил гаалиа хатуу хяналт дор ажиллуулж байна. Цар тахал бол хөдөлгөөний хязгаарлалт, эдийн засгийн агшилт юм гэдгийг бид бүгд харлаа. Бид цар тахлын эхний 10 сарыг харьцангуй тайван, сөрөг нөлөөг үзэлгүй өнгөрөөсөн.
Дэлхийн эдийн засаг уналттай, түүхий эдийн үнэ өсөлттэй, улмаар инфляци өссөн байдалтай байна. Энэ нь манай улсад эерэг сөрөг нөлөөтэй. Нүүрсний үнэ бидний тооцоолсноос ч өдөр байна. Гэвч инфляц мөн өслөө. Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан нь 90-ээд оноос хойш тохиолдсон хоёр дахь агшилт юм. Цар тахал дэлхийн бүх улсад хүндрэл учруулж байна. Өмнө нь бүсийн хэмжээний хямрал болдог байсан бол энэ удаад нэг ч улс цар тахлыг тойроогүй.
Манай эдийн засаг боломжит түвшнээс доогуур байна. Дөнгөж өндийж буй эдийн засагт шинэчлэлт хийхгүй бол дахин унах эрсдэлтэй. 5.3 хувийн агшилтаас аажим сэргэж байна. Бид хатуу хөл хорио тогтоосон бол эдийн засаг хасах хэвээр байх байсан.
10 их наядын хөтөлбөрийг цаашид ч үргэлжлүүлнэ. Засгийн газарт мөнгө байгаагүй. Энэ хөтөлбөрийг төрийн мөнгөөр хэрэгжүүлээгүй. Гагцхүү хадгаламжийн үлдэгдлийг зээл болгон гаргах сэдлийг л банкуудад өгсөн. Төрд арван их наяд төгрөг гаргах боломж байхгүй. Өнөөдрийн уулзалтаар хэдүүлээ саналаа солилцъё.
Дархлаажуулалт манай улсад нийт хүн амын 65 хувьд хүрлээ. Гурав дахь тунг хийж буй улс дэлхийд 10 хүрэхгүй тоотой байна. Дэлхийн олон оронд эхний тунгаа ч аваагүй байхад гурав дахь тунг хийх нь зохимжгүй гэж ДЭМБ үздэг. Бид эхний хоёр тунгаа амжилттай хийсэн тул гурав дахь тунг эхлүүлсэн. 124 мянган хүн гурав дахь тунгаа хийлгэжээ. Вакцинжуулалтын дүнгээр бид сүүлийн 6 сард бүс нутагтаа тэргүүлсэн хэвээр байна” гэлээ.