Ж.Оджаргал: Том төслүүдэд Засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй
Төрийн ордонд болж буй “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал оролцож, саналаа илэрхийллээ.
Тэрээр “Манай эдийн засаг зэс, алт, нүүрс, цайрын орлогоос бүрддэг. Ерөнхий сайдын үгнээс хөрөнгө оруулалтыг дэмжих нь гэж ойлголоо. Зэс, алт нийлээд 2 тэрбум ам.долларын экспорт хийдэг. “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төсөл хэрэгжиж л зэс, алтны борлуулалт өснө. Мөн Зүүн баяны төмөр зам ашиглалтад орвол төмрийн хүдрийн борлуулалт өснө. Нүүрсний тухайд өнөөдөр 2 тэрбум ам.долларын орлого авчирдаг. Одоо нүүрсний үнэ оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтын терминалыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий.
Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн экспортод ихээхэн нөлөөтэй салбарууд. Эдгээр салбарыг төрөөс дэмжих юм байна гэж ойлголоо. Худалдааны санхүүжилтийн хэрэгслийг хурдан шийдвэл том төслүүдэд Засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй.
Төр хувийн хэвшил хамтран ажиллах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөө үзүүлдэг. Төрийн гурван өндөрлөг эдийн засгийг сэргээх чиглэлээр нэг цонхны бодлого явуулах болсныг талархаж хүлээн авч байна” гэлээ.