Арбидол-ийг эмчилгээнээс хассанаас их хэмжээний эм УСТГАЛД орох болсон уу?
Төрийн ордонд болж буй Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх зөвлөлдөх уулзалтын үеэр Эмийн холбооноос ковид19 өвчний үед хэрэглэж буй Арбидол эмийг эмчилгээнээс хассан гэх мэдээлэл олон нийтийн дунд бухимдал үүсгээд байна.
Тодруулбал, Арбидол эмийг ковид-19-ийн эмчилгээнээс өнгөрсөн долоо хоногт хассан нь тус эмийг өөрсдийн хөрөнгөөр оруулж ирээд байсан компаниудад ихээхэн хохиролтой байгаа тухай. Эмийн холбооны төлөөллийн өгсөн мэдээллээр Арбидол эмийн нөөцийг бүрдүүлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд одоогоор 3.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий арбидол эмийг татан аваад байгаа аж. Цаашид их хэмжээний татан авалт хийхээр гэрээ хийсэн байжээ.
Энэ асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төр ингэж шийдвэрээ өөрчилж болохгүй. Үнэхээр ийм зүйл болсон бол би харамсаж байна. Эрүүл мэндийн сайд энэ асуудалд анхаараарай” гэсэн юм.
Харин дээрх асуудлаар ЭМЯ-наас тодруулахад “Арбидол эмийг өвөрмөц эмчилгээнээс хассан гэдэг нь Ковид-19 өвчний өвөрмөц эмчилгээнд хэрэглэх гэдэг байсныг өөрчилж томуу томуу туст өвчин, sars2 ковид-19 зэрэг өвчинд эмчийн заавраар хэрэглэж болно гэсэн утгаар өөрчилсөн тухай юм. Түүнээс огт хэрэглэхгүй хассан гэсэн үг биш. Эмчилгээнд хэрэглэж байгаа” гэх хариулт өглөө.