|

Н.Ганзориг: Бүтээн байгуулалтыг шавар шавхай зуурдаг ажилчид нуруундаа үүрдэг юм

Төрийн ордонд өнөөдөр болсон “Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч 2021” зөвлөлдөх уулзалтад оролцогчдоос Монголын Ажилчдын холбооны нэгдсэн төвийн захирал Н.Ганзоригийн хэлсэн  үг олны анхаарлыг татаад байгаа юм.

Тэрээр “Бүтээн байгуулалтыг нуруундаа үүрдэг хүмүүс нь шавар, шохой зуурдаг ажилчид байдаг юм. Аливаа байгууллагын амьд зүйл нь ажилчин. Сүүлийн 30 жил гэж  ярих дуртай.  Гучин жилээ  больё сүүлийн 10 жил ажилчин ангиа орхисон. Хөгжил дэвшлийг илэрхийлдэг өндөр барилгыг барьж босгодог ажилчин залуусаа мартсан.

Барилгын салбарт асуудал их гарч байна. Барилга дээр ажиллаж байгаад нас барж, хөдөлмөрийн хөлсөө шулуулж байна. Ажил хийчихээд цалингаа нэхэхээр  өөдөөс нь  цагдаа явуулдаг. Барилгын компанийн захирлууд дээр очоод цалин, хөлсөө нэхэхээр хамгаалагч нарт нь зодуулдаг. Бидэнд өртэй хэр нь хүн дарамталсан гээд шүүхээр асуудлаа шийдүүлдэг. Бид цалингаа авч чадаагүй хэр нь хөдөлмөрийн хөлсөө нэхсэнийхээ төлөө цагдаа шүүх дээр 200 мянгаас хоёр сая төгрөгөөр торгуулдаг.

Бүтээн байгуулалт хийнэ гээд яриад байдаг хэр нь үүнийг нь хийх ажилчин алга. Хийж чаддаг залуучууд нь цалингаа бодоод Япон, Солонгос руу гараад явчихлаа. Юм хийж сурах гээд зүтгэж байгаа залуучууддаа тусламж үзүүлээч ээ. Бид муу нэртэй. Дарга нар биднийг нийтээр нь архичин гэж дуудаж байна. Энэ дунд архи уудаггүй хүмүүс бий. Монголчууд бүгд архинд живчихээгүй, энэ бол зөвхөн та нарын бодол шүү. Биднийг бүгдийг нь ажилгүй, архичин, хулгайч гэж дуудаж байна. Төр засаг, бизнес эрхлэгчид нь ингэж дуудаж байхад бид хаана очиж, хэнд итгэх вэ.

Монгол Улсын бүтээн байгуулалтыг дундын зуучлал буюу тендер цохьдог намын сэтэр зүүсэн залуучууд хойш татаж байна. Бүх тендерийг тэд авдаг. Тендер авдаг хэр нь ажилчин байхгүй. Орон нутагт баригдсан сургууль, цэцэрлэгийн барилга нь гурван баллын газар хөдлөлтийг дийлэхгүй нураад унаж байна. Тэр барилгад ганц арматур хийх сэтгэлгүй ажил орлогчид байна шүү дээ.

Тиймээс төрийн өндөрлөгүүд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа бидэнтэй ч бас уулзаж, бэрхшээл, санал бодлыг маань сонсож байгаач гэж хүсэх байна”  хэмээн санал бодлоо илэрхийллээ. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *