Шинэ оюутнуудад зориулсан ГАРЫН АВЛАГА тараалаа
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Засгийн газар, УОК-оос оюутан, залуусын танхимын сургалтыг өнөөдөр эхлүүлж буй. Тэгвэл НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штаб, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран шинэ оюутнуудад зориулан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээг зохион байгууллаа.
Тодруулбал, 100 гаруй сайн дурын ажилтан болоод дүйцүүлэх албаны алба хаагч нар хөтчөөр ажиллан, оюутнуудад зориулсан гарын авлага тараан, хэрхэн хотын соёлтой иргэн байх тухай уриа лоозон барьсан байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оюутнуудтай уулзан тэдэнд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг сонсч ярилцлаа. Хотын дарга “Улаанбаатар хотын гол дүр төрх, өнгө зүсийг тодорхойлогчид бол оюутан, залуус.
Тиймээс залуустаа хандсан уриалга, залуус руу чиглэсэн бодлого гаргах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, зөв талаас нь дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ хүрээнд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс залуус руу чиглэсэн Улаанбаатарын соёлтой иргэн байх уриалгыг гаргаж байгаа. Өнөөдөр хотод оюутан болж орж ирсэн залуус дөрвөн жилийн дараа боловсролтой, хотын соёлтой, хотоо хайрладаг болж төлөвшөөсэй гэж бодож байна” гэв.
Жил бүрийн намар 70-80 мянган оюутан орон нутгаас нийслэлд ирдэг. Үүнээс 20 мянга орчим залуус шинээр оюутан болж ирдэг байна. Иймээс шинэхэн оюутнууддаа зориулан “Улаанбаатарт тавтай морил” уриан дор хотын соёлын талаар товч мэдээлэл өгөх, номын сангуудын хаяг байршил, хэрэгцээт утасны дугаар, цагийн ажлын биржийн мэдээлэл болоод бусад шаардлагатай төрийн үйлчилгээг авч болох аппликэйшнүүдийг татаж авах бар кодыг багтаасан гарын авлага тараалаа.