Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллана
Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсоор айлчилж буй. Ноён Филипп Мүэй тус бүлгийн даргаар анх удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.
Айлчлалын үеэр Монгол Улс дахь жендерийн эрх тэгш байдлын талаар Монгол Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэгтэй уулзалт хийв. Уулзалтаар Монгол, Францын харилцаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа”-ны түвшинд 55 жилийн хугацаанд амжилттай хөгжиж ирсэн, уг харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгаагаа хоёр тал илэрхийлсэн юм.
Үүнд хоёр талын тэргүүлж буй найрамдлын бүлгийн гүйцэтгэх үүрэг маш чухал болохыг онцлон тэмдэглэлээ. Мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн алслагдсан байдлаас үл хамааран бүх шатны боловсролыг тэгш хүртээмжтэй болгох асуудлаар ярилцаж, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, П.Анужин, Ч.Ундрам, Б.Жаргалмаа нар оролцлоо. Францын талаас Сенатын дэд дарга, Соёл, боловсрол, харилцаа холбооны бодлогын байнгын хорооны гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга, хатагтай Натали Дэлатр, Сенатын гишүүн, Орон нутгийн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын байнгын хорооны нарийн бичгийн дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга, ноён Паскал Мартин, Сенатын гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүн, хатагтай Мари-Пиер Ришэ, Сенатын Гадаад харилцаа, ёслолын газрын дэд зохицуулагч, Франц-Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга, ноён Завье Вэрн, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Жүльен Попер нар оролцов.