Хүний амиар тоглосон “SM” эмнэлгийн ард “Тод каннам”-ийн ах дүүс байна
“SM медикал” гоо сайхны мэс заслын төрөлжсөн эмнэлэгт эрэгтэйчүүдийн мэс засал, хамар тэгшлэх мэс засалд зэрэг орсон 39 настай эрэгтэй нас барсан хэрэг энэ сарын 4-ний өдөр гарсан. Хохирогч 3 хүүхэдтэй байсан бөгөөд гадаад улсаас 8-р сард хүүхдүүдээ авч явах зорилгоор эх орондоо ирсэн байжээ.
“SM” эмнэлэг хоёр мэс заслыг нэг дор хийснээс аминд нь хүрсэн гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа аж. Тухайн өдөр хагалгаа 10:00 цагт эхэлсэн ч үйлчлүүлэгчийн биеийн байдал хүндэрч 13:00 цагийн үед УНТЭ-т хүргэсэн ч 5 цагийн дараа амиа алдсан байна.
“SM медикал” эмнэлэг “ТодББ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг аж. Энэ компанийн нэр дээр “Тод каннам” эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан. “Тод каннам” эмнэлэгт 2019 онд нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд орж амь насаа алдсаныг уншигч та санаж байгаа байх. Тухайн үед НМХГ-ийн дүгнэлтийн дагуу “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэж байсан билээ.“Тод каннам” эмнэлэг анх 2009 онд “Гахайн аж ахуй”, “Гадаад худалдаа”, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх чиглэлтэйгээр байгуулагджээ. Хуулийн гэрчилгээн дээрх нэр нь “ТОДББ” ХХК бөгөөд үйл ажиллагааны чиглэлээ 2013 онд гэнэт өөрчилж 2013.12.27-ны өдөр “Гоо сайхны мэс заслийн үйлчилгээ үзүүлэх” тусгай зөвшөөрлийг нийслэлийн эрүүл мэндийн газраас авсан аж. Тус эмнэлгийн эзэмшигч нь Даваасүрэнгийн Тодбилгүүн, Даваасүрэнгийн Тодням, Дашдэндэвийн Оюунцэцэг гэдэг гурван хүн байдаг. Харин гүйцэтгэх захирлаар нь Даваасүрэнгийн Тодням ажилладаг юм байна.
Тэгвэл ах, дүүгийн хамтран байгуулсан “Тод каннам” эмнэлэг нь хуулийн байгууллагад дуудагдсаныхаа дараа нэрээ өөрчилж, зүсээ хувилган SM нэртэй төрөлжсөн гоо сайхны мэс заслын үйлчилгээ үзүүлж байжээ. Тэд хэдхэн сарын өмнө гоо сайхны төрөлжсөн эмнэлгийн чиглэлээр МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ авснаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байв.
Бүр Монгол улсдаа эрэгтэйчүүд урологийн мэс засал, өвдөлтийн менежмент, чих хамар хоолойн мэс засал, гоо сайхны мэс засал, ерөнхий мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хэмээн өөрсдийгөө “магтжээ”. Тус эмнэлгийн өнгөрөгч дөрөвдүгээр сард “Мэс заслын төрөлжсөн нарийн мэргэшлийн эмнэлэг” хэмээн магадлан итгэмжлэл олгосон байна.
Хуулиараа эмнэлгийн байгууллагын магадлан итгэмжлэлийг Эрүүл мэндийн яам батлагдсан журмын дагуу олгодог. Тэгвэл хуулийн хариуцлага хүлээж, хүний аминд хүрсэн эмнэлэг зүсээ хувилгасан байхад ЭМЯ магадалан итгэмжлэл олгосон болж таарч байна.
Ах дүүсээрээ байгуулсан “ТодББ” компанийн төлөөлөл Д.Тодням нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяртай үй зайгүй найзууд аж. Тэр ч утгаараа улстөрд танилтай Х.Мандахбаяр найзынхаа ажил бизнесийг дэмжиж, PR сурталчилгаанаас эхлээд ар талыг нь хариуцдаг гэх.
Хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэн улсын 1-р эмнэлэгт 09 дүгээр сарын 04-ний өдөр хүргэгдэн ирээд нас барсан гэх хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байна” гэх мэдээлэл өглөө.
Ямартаа ч “Тод каннам” эмнэлгийн үйл ажиллагаа зогсоогүй, харин ч өргөжүүлж, дахин хүний амь нас хохироосон нь тодорхой боллоо. Тэд нэрээ өөрчлөн зүсээ хувилгасан ч нэг эзэдтэй гэдэг нь олон баримтаар нотлогдогдож байна.
Д.Тодномбат
Д.Тодням