Л.Оюун-Эрдэнэ: Гадаах арга хэмжээг цаашид ч хийнэ
Өнгөрсөн баасан гаргаас буюу 9-р сарын 17-ны өдрөөс эхлэн Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд ICT экспо буюу “Цахим Үндэстэн” арга хэмжээ 3 хоногийн хүрээнд зохион байгуулагдаж, гадаа талбайд олон зуун хүнийг цуглуулсан билээ.
Ингэснээр халдварын тоо эрс нэмэгдсэн нөхцөл байдалд ийм арга хэмжээ зохион байгуулсан удирдах албаныхан болон аж ахуйн нэгжүүдийг ард иргэд багагүй шүүмжилж, нийгэмд бухимдал үүсээд байсан юм.
Харин энэ талаар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “120 орчим ААН нийлж хийсэн. Мишээл экспо дээр хийх арга хэмжээг парк руу татсан. Буруутгаж болохгүй. Мөн монголд анхны дрон шоу хийсэн. Хамтарч ажилласан ААН, байгууллагууд алдаа гаргасныг үгүйсгэх аргагүй. Гадаа байгаа арга хэмжээг цаашдаа ч хийнэ. Энэ үзэсгэлэн ч гэсэн гадаа болж байна. Цаашид тэмцээн уралдаан нээлттэй болно. Мөн доторх арга хэмжээг ч нээлттэй болгоно. Тиймээс эдийн засгаа нээлттэй болгоно. Харин тэнцвэртэй барих бодлого баримтлана. Хөл хорио тавих нь зөв. Гэхдээ дасан зохицож эдийн засгаа нээнэ. Цаашид цар тахал улам мутацилагдаад үргэлжлэхийг ДЭМБ-аас хэлж байгаа. Тиймээс энгийн хэмнэл рүү орж, урагшлах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.