А.Отгонбаатар: Би “Нарантуул” захад 10 лангуу ажиллуулдаг байсан
УИХ-ын нөхөн сонгуульд 28-р тойрогт “Үнэн ба зөв” намаас нэр дэвшигчийн А.Отгонбаатарын хөрөнгө орлогын мэдүүлэг цахим орчинд хэлэлцүүлэг болж буй. Тэгвэл нэр дэвшигч А.Отгонбаатар хөрөнгө орлогынхоо талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Би төрд ажиллаж байгаагүй. Өөрийн хөдөлмөрөөр амьдарч байгаа учир намайг бүү ялла. Би 2009-2020 оныг хүртэл 11 жил гэр хороололд амьдарсан. 2020 онд хашаа, байшингаа 45 сая төгрөгөөр зарсан. Өнгөрсөн жил 200 сая төгрөгийн байранд орсон. Өнөөгийн ханшаар 250 сая төгрөг болж байна. Өдийг хүртэл Нарантуул захад 10 лангуу ажиллуулсаар ирсэн.
Ш.Сайхансамбуу гэдэг эрхэм жил гаруйн өмнө манай намаас гарсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долдугаар сард миний 10 лангууг хурааж авсан. Одоо надад 10 лангууны бизнес байхгүй.
Урдаас хүүхдийн хувцас, гутал зэрэг бараа татаад зах дээр зарж, онлайн худалдаагаар борлуулдаг байсан. Миний эгч нар тэдгээр лангууг ажиллуулдаг байсан юм. Эндээс олсон орлогоороо намынхаа үйл ажиллагааг авч явж байна. Хэрэв би шантааж хийсэн бол намайг цагдаад өгөх хэрэгтэй. Би ямар ч хулгай хийгээгүй” гэв.