Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Дашбалбар агсны хүү Гангабаатарыг ДЭМЖЖЭЭ
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар “Үндсэн хуулиас бусад хуулийн албан ёсны тайлбар гаргах асуудлыг хэлэлцэх” дэгийг тусгайлан тогтоож, Нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн баталсан байна.
Нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтжээ. Д.Гангабаатарын хувьд Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Япон улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистр, хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан нэгэн.
МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, багш, дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, Нидерланд улсын Утрехтын их сургуулийн хуулийн сургуульд зочин судлаач, Их Британи улсын Queen’s University of Belfast зочин судлаач, АНУ-ын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, Япон улсын Нагояагийн их сургуульд профессор.
Түүнчлэн “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэг гол зохицуулалт болох Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг хэлэлцэн батлав.