115-р сургууль “Эцэг эхээс гомдол ирсэн” гэх шалтгаанаар аутизмтай хүүг сургуульдаа сургахаас татгалзжээ
ХУД-ийн Ерөнхий боловсролын 115—р дунд сургууль нэгдүгээр ангид элссэн аутизмтай хүүг сургуульдаа сургахаас татгалзсан тухай мэдээг Eagle TV бэлтгэжээ.
Хүүгийн хувьд хөнгөн хэлбэрийн аутизмтай бөгөөд СЭМҮТ-өөс “заавал тусгай сургуульд сургах шаардлагагүй , энгийн хүүхдүүдтэй хамт сурах боломжтой” гэх дүгнэлтиг гаргасан байна.
Гэвч 9-р сарын 1-нд ангийн багш нь хүүг ердөө 30 минут хичээлд суулгаад гаргажээ.
Энэ талаар хүүгийн ээж “Хичээл эхэлсэн өдөр 30 минут болоод ангийн багш нь намайг дуудаж өнөөдөр ингээд яв даа. Яваандаа дасах байх” гэсэн. Дараа нь сургалтын албаны менежер дуудаж манай хүүгийн оношыг тодруулж, СЭМҮТ-өөс энгийн сургуульд суралцаж болно гэсэн бичигээ аваад ир гэсэн. Би аваад очсон. Ингээд ирэх 7 хоногоос нэг яваад үз дээ гээд нэлээн дурамжхан хэлсэн. Би ч баярлаад байж байтал эмч нь залгаад “Бид ярилцаад танай хүүхдийг сургах боломжгүй гэж шийдлээ. Ямар ч гэсэн хэллээ шүү” гэсэн. Би за гээд л утсаа тасалсан” гэлээ.
Хүүгийн хувьд ХУД-ийн 27-р цэцэрлэгт 2 жил суралцсан байна. Хүүг “цагаан толгойн бүх үсгээ мэддээг, уншиж чаддаг, англи 26 үсгийг цээжилсэн ой тогтоолт сайтай” гэж ээж нь тодорхойлж байлаа.
Аутизм нь тархины хөгждөг эмгэг буюу харилцаан дээр суурилж эдгэрдэг өвчин аж. Тиймээс хүүхдийг сургахгүй байх шалтгаан болохгүй гэдгийг хуульч, өмгөөлөгч нар хэлж байна.
Сургуулийн зүгээс хүүхдийг авахгүй байгаа гол шалтгаанаа эцэг эхээс гомдол ирсэн гэж тайлбарлажээ. Гэхдээ эцэг эхчүүд ийм гомдол гаргасан талаарх баримт нь хангалтгүй байгаа аж.