Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахуун импортлогчидтой уулзана
Энэ үеэр 1000 вагон шатахуун нэн яаралтай Хятадын талаас оруулж ирэх асуудлыг тавина гэсэн мэдээлэл байна.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн АИ-92 олдохгүй байсан бол өчигдрөөс хойш 95 шатахуун 100 төгрөгөөр нэмэгдсэн. Жолооч нарын хамгийн их хэрэглэдэг АИ-92 хомсдож буй бодит нөхцөл байдал үүссэн ч АИ-92 авто бензиний нөөц буурсан, гэхдээ хомсдол үүсэхгүй гэж АМГТГ-аас өнгөрсөн долоо хоног мэдээлсэн.
АИ-95 авто бензин нийт хэрэглээний 9-10 орчим хувийг л эзэлдэг бол АИ-92 авто бензинийг иргэд, ААН-үүд хамгийн түгээмэл хэрэглэдэг юм.
ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн.