Хүний эрхийн хамгаалагч гэж хэн бэ?
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн танилцуулгыг инфографикийн хамт хүргэж байна.
Энэхүү хууль нь нийтлэг үндэслэл, хүний эрх хамгаалагчийн эрх, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны санхүүгийн ил тод, нээлттэй байдал, төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн нийтлэг үүрэг, хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо зэрэг 4 бүлэг 14 зүйлтэй бөгөөд “хүний эрхийн хамгаалагч” гэж хэн болох, “хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаа” гэж юу болох, “хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах”, “хүний эрхийн хамгаалагчийн эрхэд халдах” зэргийг тодруулан томьёолсон.
УИХ Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар Ази тивд хүний эрхийн асуудал, зөрчлийн талаар тэмцэж буй хүмүүсийг хамгаалах тогтолцоог бүрдүүлсэн анхны улс болсон.
Хууль хэлэлцэн батлах үе шатуудад хүний эрхийн төлөө олон улсын байгууллагаас /ISHR/ гаргасан “Хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай” загвар хууль, ХЭҮК-ын “Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” болон “Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа” судалгаа, “Хүний эрхийн төлөө олон улсын байгууллага”-аас хийсэн дэлхийн 40 гаруй улс орнуудын хууль тогтоомжийн судалгаа, НҮБ-ын тусгай илтгэгчийн зөвлөмж, НҮБ-ын Хүний эрхийн дэд Комиссарын газраас хуулийн төсөлд өгсөн санал зэрэг холбогдох материалыг ашиглан хуулийг хэлэлцэн баталсан.
Тухайлбал:
- Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийг улам өргөжүүлж, тусгайлан баталгаажуулахын зэрэгцээ үйл ажиллагаа явуулахдаа хориглох зүйлийг, мөн хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны санхүүгийн ил тод, нээлттэй байдлын талаар тусган баталлаа.
- Төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн зүгээс хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, тэдний үйл ажиллагааг дэмжих, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулиар хариуцсан чиг үүргийн хүрээнд шуурхай арга хэмжээ авч ажиллах, байгууллагынхаа дотоод журамд хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг тусгах, сургалт зохион байгуулах гэх мэт тодорхой үүрэг хүлээхээр хуульд тусгасан.
- Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог ХЭҮК-ын дэргэд байгуулахаар хуульд заасан ба гишүүд нь одоо чиг үүргээ гүйцэтгэж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэн ажиллахаар тусгасан.
Тус хорооны бүрэлдэхүүнд ажиллах иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд тодорхой шалгуур тавьсан нь иргэний нийгмийг чадавхжуулах, дэмжих зорилготой бөгөөд хамтын шийдвэрээр анх удаа нэр дэвшүүлж, нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох зохицуулалтыг тусгалаа.
Хорооны гишүүн нь орон тооны бус байх бөгөөд хороонд туслах чиг үүрэг бүхий орон тооны нэгж ажиллаж, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, баримт, нотолгоо цуглуулах, хадгалах, мэдээллийн сан үүсгэх зэрэг Хорооны гишүүний үйл ажиллагааг байнгын тасралтгүй явагдах нөхцөлийг хангах юм.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар