Золголт хийвэл 500 мянга, шинжилгээ өгөхгүй бол 100 мянгаар ТОРГОНО
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нийслэлчүүд энэ сарын 11-нээс эхлэн 12 хоногийн туршид хатуу хөл хорионд байна. Энэ хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.
“Нийслэлийн эрүүл мэндийн газрын лаборатори хариуцсан мэргэжилтэн О.Аззаяагийн өгсөн мэдээллээр урьдчилсан тооцооллоор “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд нийслэлээс дөрвөн тэрбум, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 26 тэрбум, нийт 30 тэрбум төгрөг зарцуулах аж.
Мөн өрх бүрийн 18-аас дээш насны нэг гишүүнээс шинжилгээ авах бөгөөд явуулын, автобустай, байнгын зэрэг нийт 210 цэгт шинжилгээ авах урьдчилсан төлөвлөгөө гарчээ. Шинжилгээ авах өдөр, цагийг тухайн хорооноос иргэдэд мэдэгдэх аж. Түр оршин суух хаягтай иргэдийг заавал шинжилгээнд хамруулна.
Шинжилгээ өгөөгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээх юм байна. Тодруулбал, Гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйд тооцон Зөрчлийн тухай хуулийн 5.13 дүгээр зүйлийн 5.13.4 дэх заалтаар иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох үндэслэлтэй аж.
Мөн хөл хорионы үеэр айл хэссэн, золголт хийсэн иргэнийг 500 мянга, үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгох зэргээр хариуцлагыг чангатгахаа албаныхан мэдээллээ.