“Пирамид-Орд” компанийн барьсан “Буман залуус” хотхоны паар задарч, айлууд усанд автжээ
Хан-Уул дүүргийн 10-р хороо Буянт-Ухаа спорт цогцолборын хажууд байрлах “Буман залуус” хорооллын айлуудын паар задарч усанд автжээ. Тус хорооллыг “Пирамид-Орд” компани барьж ашиглалтад оруулсан бөгөөд ашиглалтад орсноос хойш 3 жил дотор эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд компани 100 хувь хариуцахаар гэрээнд тусгажээ.
Ажилдаа явсан хойгуур нь паар задарч шинээр хийлгэсэн бүх тавилга, эд зүйл нь усанд автсан айл асуудлаа шийдүүлэхээр “Пирамид-Орд” компанитай холбогдсон ч асуудлыг нь хэрхэн шийдвэрлэхээ хэлээгүй байна. Усанд автсан айл хохирлоо үнэлүүлсэн бөгөөд хариу нь маргааш гарах гэнэ.
“Пирамид орд” компаниас инженер ирсэн боловч асуудлыг захирал шийднэ гээд явжээ. Харин захирал нь оршин суугчтай холбогдохгүй, утсаа унтраагаад зугтсан байна. Ашиглалтад ороогүй байрны паар цоорч задарсан нь стандарт бус баригдсанаас үүдэлтэй гэж оршин суугчид нь үзэж байгаа аж.
“Пирамид-Орд” компани нь оршин суугчиддаа байрыг нь “улсын комисс хүлээж аваагүй байна” гэсэн боловч үнэн хэрэгтээ Хөгжлийн банкнаас авсан 15 тэрбум төгрөгийн зээлэндээ 4 блок байраа барьцаанд тавьсан байсныг олж мэджээ.