АН аравдугаар сарын 1-нээс Засгийн газрыг огцруулах тэмцэлдээ орно
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын бүлэг дараах шаардлагыг тавьж байгаагаа мэдэгдлээ.
- Шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх
- ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа Монгол Улсын элчин сайд нарыг эгүүлэн татах
- Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт хөрөнгө оруулалт нэрээр хийж буй луйврыг зогсоох
- Удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн шаардлагуудыг биелүүлэхгүй бол аравдугаар сарын 1-нд Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна гэв.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр эсвэл маргааш нэн яаралтай зохион байгуулж үүссэн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Монгол Улсын төр УИХ юм. Бид ийм үед амраад байж болохгүй. 300 мянга гаруй хүн халдвар авсан, хичээл сургууль эхэлсэн, хоёр жил хоригдсон, шатахуунгүй болсон ийм үед бид амраад байж болохгүй. Сонгуулиас хойш бид бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан үе байхгүй.
Тиймээс нэгдүгээрт УИХ-ыг яаралтай хуралдуулах шаардлага тавьж байна. Хоёрдугаарт Ерөнхий сайдыг хариуцлагаа хүлээ гэсэн шаардлагыг тавьж байна. Өнөөдөр үүсээд буй шатахууны асуудал олон зүйлийн ердөө нэг илрэл. Цаана нь үүнтэй адил тэсрэхэд бэлэн олон асуудал бий.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт хүргүүлж байна. 2021 оны гуравдугаар сараас хойш 100 жилийн ой тэмдэглэж, одон медаль тарааж, сонгууль, уул овоо тахих нэрийдлээр халдвар тараах үндэслэлийг тавьсан. Үүндээ уучлалт гуйх хэрэгтэй. Төрийн өндөрлөгүүд яг одоо гадаадад томилолтоор явж байна. Бид урагшаа хилээ хаалгасан, хойноос шатахуунаа авч чадахгүй байна” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Монгол Улсын Засгийн газар , эрх баригчид өөрсөддөө Үндсэн хуулиас гадуур шахуу эрх мэдлийг нь өгөөд хоёр жил боллоо. Ковидын хууль нэрээр хүний нөөцийн томилгооноос эхлээд төсвийн мөнгийг дураараа захиран зарцуулах бүхий л эрх мэдэл нь байна. Төр засаг гэж байдаг бол ирээдүйн тухай биш юм гэхэд маргаашийн тухай бодож удирдах ёстой.
Гэтэл зөвхөн өнөөдрөөр л удирдаж байна. Өнөөдөр үүсээд буй шатахууны асуудал нь зөвхөн олон зүйлсийн нэг илрэл. Цаана нь үүнтэй адил тэсрэхэд бэлэн олон асуудал бий. Энэ нь зөвхөн өнөөдрөөр л харж удирдсаны гай юм. Бид ард иргэдтэйгээ хамт тэмцэл өрнүүлэхэд бэлэн байна” гэлээ.