УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг улсын рекордыг дөрвөн удаагаа шинэчилсэн тамирчин Э.Оюундарийг хүлээн авч уулзлаа

Хөнгөн атлетикийн тэмцээний эмэгтэйчүүдийн гурвын харайлтын төрөлд “Үчимбэр” клубын тамирчин Э.Оюундарь Монгол Улсын дээд амжилтыг дөрөв дэх удаагаа шинэчлэн тогтоосон билээ. Тэрбээр 14 настайдаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд насанд хүрэгчдийн улсын долоон удаагийн аварга болж байсан нэгэн юм.

Түүнийг багш Г.Жанцандоржийн хамтаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр цар тахлын улмаас спортын тэмцээн уралдаан, тамирчдын бэлтгэл сургуулилт тасалдаж байгаа ч нөхцөл байдалд тааруулан бэлтгэлээ тасралтгүй хийж, улсын рекордыг шинэчлэн тогтоож, 12.31 метр болгосон Э.Оюун-Эрдэнэд баяр хүргэж, амжилт хүслээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн хувьд хөнгөн атлетикийн тамирчин байсан тул энэ спортын тамирчдын зовлон жаргал, бэлтгэл сургуулилалтыг биеэр мэддэг хүний хувьд хөнгөн атлетикийн өнөөгийн нөхцөл байдал болоод тамирчдад тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцсан юм. Мөн тамирчдын зүгээс олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбай байхгүйгээс болж тамирчдад бэлтгэл сургуулилт хийх боломж хомс байгаа талаар санаа бодлоо илэрхийллээ.

Дашрамд сонирхуулахад, Э.Оюундарь нь 2015 онд хүүхдийн спортын V их наадамд гурвын харайлтын төрөлд өсвөрийн рекорд амжилтыг 10.96 метр болгож шинэчилсэн, 2016 оны МБАТ-ий XIV спартакиадаас алтан медаль хүртэж насанд хүрэгчдийн рекорд амжилтыг 11.55 метр болгосон. Мөн 2019 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртэж рекорд амжилтыг 11.64 метр болгож ахиулж байжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *