Г.Батбаатар: МЗХ-ны өмчийн газар дээр ямар барилга бариулж буйгаа Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од тайлбарлаж чадаагүй
“Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од холбооны өмчийн 600 метр квадрат газар дээр барилга бариулах гэж байна, Удирдах хорооны гишүүдтэйгээ зөрчилдөж байна” гэх асуудлын мөрөөр Монголын Залуучуудын холбооны Удирдах хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баатарбаатартай ярилцлаа.
-Монголын залуучуудын холбоог тойрсон асуудлууд анхаарал татаж байгаа. Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ яагаад ойлголцохоо больчихов, чухам ямар зөрчил үүсээд байгаа юм бэ?
-Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг тайлбарлахын тулд бүр эхнээс нь яръя. Монголын залуучуудын холбоо 2020 оны 5 дугаар сарын 8-нд үндэсний 6 дугаар чуулганаа хийж одоогийн шинэ бүрэлдэхүүн солигдсон.
Шинэ бүрэлдэхүүн томилогдох гол шалтгаан нь 2017 оны 3 дугаар сарын 27-нд 5-р чуулганаар сонгогдсон МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбаттай холбоотой. А.Мөнхбат Хувьсгалт Залуучуудын эвлэлийн үндэс бааз дээр боссон үндэсний байгууллагыг удирдаж байх хугацаандаа ёс зүйн алдаа гаргаж, монголын залуучуудын байгууллагын бодлогыг үндсэн чиглэлээс нь хазайлгасан. Тодорхой хэлвэл өөрийн шүтдэг бөө мөргөлийн шашин руу залуусыг уриалан дуудаж, олноор нь дагуулж явж уул ус тахих зэргээр залуучуудын үндэсний төв байгууллагын үндсэн үйл ажиллагааг алдагдуулсан. Тиймээс бүтцийн шатанд ажиллаж байсан залуучууд, МЗХ-ны хариуцлагын хороо санал нэгтэйгээр А.Мөнхбатыг огцруулж, дараагийн хүнийг томилох санал гаргасан байдаг.
Ингээд 2020 оны 5-р сард 21 аймаг, 9 дүүргийн 300 гаруй төлөөлөгч оролцсон цахим хурал зохион байгуулж одоогийн Ерөнхийлөгч Отгоны Гэрэлт-Од, 5 дэд Ерөнхийлөгчтэй сонгогдсон байдаг. Уг хурлаар хариуцлагын хорооны бүтэц яригдаагүй учир хуучин бүрэлдэхүүн хэвээр ажиллаж байгаа. Үүн дээр нэмэгдээд удирдах хорооны нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга 9 хүнтэй Удирдах хороо бүрддэг. Ингэж одоогийн бүтэц бүрэлдэхүүн, Удирдах хороо томилогдсон юм.
Шинээр байгуулагдсан холбоо, хуучин А.Мөнхбат Ерөнхийлөгчтэй холбооны хооронд ажлаа өгнө, өгөхгүй гэдэг маргаан үүсч 2020 оны 10-р сарын 24-ний өдөр Монголын нийт залуучуудын цор ганц өмч болсон холбооны байрыг чөлөөлж авснаар үйл ажиллагаа жигдрээд явж байсан.
Бид 6-р их хурлаа онлайн хэлбэрээр хийсэн учраас Үндсэн дүрмээ өөрчилж чадаагүй. Дүрэмд засвар хийж өөрчилсөн зүйл нь нас насны 5 дэд Ерөнхийлөгчтэй байсныг чиглэлийн 5 дэд Ерөнхийлөгчтэй болгосон.
Өнөөдөр ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр одоогийн Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од хамтын удирдлагын шийдвэртэй байгууллагыг дур мэдэн өөрийн үзэл санаагаар удирдах гэж оролдож байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч, Удирдах хорооны эрх үүргийн хүрээнд зөрчилдөөн үүсээд байгаа юм.
2021 6-р сард томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд ажлаа авснаас хойш 3 сарын хугацаанд МЗХ-ны дотоод үйл ажиллагааг зохион байгуулж, идэвхи санаачлагатай ажиллаж байсан. Гэтэл Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Б.Төрсүлдийг тодорхой шалтгаангүйгээр, Удирдах хороонд мэдэгдэлгүй ажлаас нь чөлөөлж оронд нь н.Болор-Эрдэнэ гэдэг залууг оруулж ирсэн.
Удирдах хороо хариуд нь “МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргыг МЗХ-ны Ерөнхийлөгч удирдах хороонд санал оруулснаар Удирдах хороо батална” гэдэг заалтыг зөрчсөн учир Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын гаргасан шийдвэрийг цуцалсан.
Дур мэдэн шийдвэр гаргаад байгаа О.Гэрэлт-Одын хувьд “Бүтцийн шатны байгууллагуудын удирдлагыг томилж чөлөөлөх эрх нь Ерөнхийлөгчид байна” гэсэн хамааралгүй заалтыг бариад байгаа нь Үндсэн дүрэмтэй харшилдаад байгаа юм.
Тиймээс Удирдах хорооноос Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одод “Гаргасан шийдвэрээ эргэж хар, Үндсэн дүрмийнхээ дагуу шийдвэр гарга, залуучуудын холбооны өмч болсон газарт дур мэдэн барилга бариулж байгаагаа тайлбарла” гэсэн утга бүхий шаардах бичиг явуулсан.Өнөөдрийн байдлаар аль ч шаардлагыг биелүүлээгүй байна.
-”Монголын Залуучуудын холбооны мэдлийн газар дээр оффис баригдаж байна” гэсэн мэдээлэл өнгөрсөн 7 хоногт зарим хэвлэлээр гарсан. Энэ шийдвэрийг танай Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од ганцаараа мэдээд гаргачихсан гэсэн үг үү?
-МЗХ-ны хурал цуглаан хийдэг “Залуус” танхим, хуучнаар Соёлын мини театрын |сүүлд сүүлд агуулах болгосон| хоёр барилгыг нураасан. Холбоо ажлын төлөвлөгөөндөө Залуучууд хөгжлийн ордонтой болох санаачлага бол гарч байсан. Залуучууд хөгжлийн ордноо өөр газарт барих боломж бидэнд бий.
Гэтэл Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од дур мэдэн “Амбага-Овоо” гэдэг компанитай 2021 оны 4-р сард Хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан. Ингээд “Амбага-Овоо” компани 5-р сараас эхлэн МЗХ-ны мэдэлд байдаг 600 метр квадрат газар дээр барилга барьж эхэлсэн. Удирдах хорооны зүгээс “МЗХ-ны өмч хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах эрх Ерөнхийлөгч танд байхгүй, хэрэв захиран зарцуулах бол заавал Удирдах хороогоор оруулж, тогтоол шийдвэр батлуулах ёстой” гэсэн байр суурь илэрхийлж, хэнтэй ямар тохироогоор юу бариулах гэж байгаагаа ил тод болго” гэсэн шаардлага тавьсан. Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од тогтоол шийдвэр байгаа гэдэг боловч тэр нь шинээр бариулаад байгаа барилгатай ямар ч хамааралгүй. Тодруулбал МЗХ-ны байрлаж байгаа 4 давхар барилгад урсгал засвар хийх” саналыг Удирдах хороонд оруулж ирж дэмжүүлсэн тогтоолыг буруугаар ашигласан нь ноцтой асуудал болчихоод байна.
МЗХ-ны мэдлийн газар дээр, өмнө нь байсан хоёр барилгаа нураалгаад ямар зориулалттай барилга бариулж байгаагаа тайлбарлаж чадахгүй, зугтаагаад байгаа.
МЗХ газраа өгснийхөө төлөө өөрсдөө ямар өмчтэй болох вэ, “Амбага-Овоо” компанитайгаа ямар гэрээ хэлэлцээр, тохироо хийсэн бэ” гэдгээ харуулахыг шаардсан. Бидэнд үзүүлсэн энэ гэрээ бол зөвхөн барилга барих тухай гэрээ. Энэ гэрээнд “МЗХ-ны өмчийн газар дээр байсан ашиглалтын шаардлага хангахгүй хоёр барилгыг нурааж, 16 хүртэлх давхар оффисын барилгыг түлхүүр гардуулах нөхцлөөр барина” гэснээс өөр үг өгүүлбэр байхгүй.
Энэ мэт асуудал овоорсоор байсан учир 9-р сарын 23-ны өдөр Удирдах хороо хуралдаж Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одтой зөвшилцөх уулзалт хийсэн. Энэ уулзалтаар “МЗХ-ны дотоод үйл ажиллагааны тухай ямар ч мэдэгдэхүүн байхгүй гадны хүнийг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллуулах гээд байгаа шалтгаанаа тайлбарла, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Төрсүлдтэйгээ ойлголцохгүй байгаа бол Үндэсний зөвлөлөө хуралдуултал Удирдах хорооны нарийн бичгийн дарга Г.Батбаатараыг Ерөнхий нарийн бичгийн даргын ажил үүргийг түр орлон гүйцэтгэгч болгоод Ерөнхий нарийн бичгийн даргатай холбоотой асуудлаа хойш тавьчих” гэдэг санал хэлсэн. Тэгэхгүй бол Үндсэн дүрмийн үг, өгүүлбэр логикийн хувьд хоёр утга илэрхийлээд байна гэдгийг учирласан.
Бидний саналыг дэмжихгүй бол энэ холбоог эрх ашгийн нүдээр хараад байгаа хэсэг бүлэг хүмүүсийн маргааны дунд нийт залуучууд хохирч, МЗХ-ны нэр хүнд унана. Та эрхзүйн хувьд хүлээсэн хариуцлагаа үүрэхгүй байна гэдгийг нь шударга хэлсэн.
Ингээд Удирдах хорооны нарийн бичгийн дарга Г.Батбаатар намайг МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Үндсэн дүрэмд “Удирдах хороо нь санал таслах боломжтой буюу сондгой тоотой гишүүнтэй байх ёстой гэж заасан. Гэтэл 2020 онд байгуулагдсан Удирдах хороо 8 хүний бүрэлдэхүүнтэй. Ес байх боломж дээр тухайн үед Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг сонгоогүй. Тиймээс МЗХ-ны бүх үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ирсний хувьд намайг МЗХ-ны Удирдах хорооны нарийн бичгийн даргад 100 хувийн саналаар дэмжиж, 2020 оны 12-р сарын 26-ны өдөр тогтоол үйлдэж дутуу байсан суудлыг нөхсөн юм.
Дараа нь Удирдах хороо хурлаараа Г.Батбаатар намайг санал таслах эрхтэйгээр баталсан байдаг. Ингээд миний бие хоёр тогтоолтой, МЗХ-ны бүтцийн бүх байгууллагыг удирдлагаар хангаад ажиллаж байгаа юм.
Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын хувьд дүрмийн логикгүй байдлыг урдаа барьж өөрийгөө хамгаалаад, Удирдах хороогоо үгүйсгэсэн ёсзүйгүй үйлдэл хийгээд яваад байгаа нь маргааныг улам даамжруулаад байгаа хэрэг. Ийм л асуудал үүсээд байна.
-Монголын залуучуудын холбооны өмчийн газар дээр ямар барилга баригдах гэж байгааг Удирдах хорооны хэдхэн гишүүн нь мэдээгүй гэхээр үнэмшилгүй сонсогдож байна л даа?
-Мэдээгүй. Олон жил ашигласан холбооныхоо 4 давхар байранд засвар хийх тогтоол дээр Удирдах хорооны гишүүд гарын үсэг зурсан. Гэтэл энэ тогтоол нь одоо шинэ барилга бариулах тогтоол мэт болчихоод яваад байгаа юм. Бид мэдсэн даруйдаа энэ асуудлаа тайлбарлахыг шаардахад Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Бүх гэрээгээ аудитад өгсөн учир гэрээгээ харж байж тайлбарлана” гэх зэргээр худал ярьж бултсаар өнөөдрийг хүрсэн.
”Амбага-Овоо” компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ энэ сарын 23-ны өдрийн уулзалт дээр л гаргаж ирсэн. Гэхдээ биднийг асууж шаардаад байхаар тэгсэн үү “2021 оны 9-р сарын 21-ний өдөр “Амбага-Овоо” компанитай байгуулсан гэрээгээ цуцалж байна” гэсэн агуулгатай албан бичиг үйлдээд өөрөө гарын үсгээ зурчихсан бичиг бидэнд харуулсан. Холбоо бичиг явуулангуут шууд цуцлагдчихдаг гэрээ ч гэж юу байх вэ. “Амбага-Овоо” аль 5-р сараас ажлаа эхлээд хуучин барилгуудыг нь нураагаад, ул бетон, сууриа цутгачихсан байдалтай байгаа.
-”МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од бүлэглэлийн эрх ашигт үйлчилж байна” гэсэн мэдээлэл явж байсан. Чухам хэний эрх ашигт үйлчлээд байгаа хэрэг вэ?
– Удирдах хороо бол энэ барилгатай холбоотой мэдээллийг авах бүрэн эрхтэй. Гэтэл О.Гэрэлт-Од нэг ч үйлдэлдээ үнэн зөв хариулт өгөөгүй. Бидэнд тодорхой хэмжээний хардах үндэслэл бүхий мэдээлэл бол бий. Ямар ч гэсэн газар дээрээ бариулж байгаа барилгаа 33, 33, 33 буюу Монголын залуучуудын холбоонд 33 хувь, барилга барьсан компани 33 хувь, нэр бүхий хүмүүст 33 гэсэн тохироо хийсэн гэх мэдээлэл байгаа.
-Ерөнхийлөгчтэйгээ нэгэнт зөвшилцөлд хүрч чадаагүй гэж ойлголоо. Цаашдаа энэ асуудлаас хэрхэн гарах вэ?
-Удирдах хороо 2021 оны 9-р сарын 16, 23-ны өдрийн хурлаараа МЗХ-ны амин сүнс болсон Үндсэн дүрмээ өөрчлөх Үндэсний залуучуудын зөвлөлөө зарлан хуралдуулах товыг 2021 оны 10-р сарын 29-нд зохион байгуулахаар баталсан. Ингээд Үндэсний залуучуудын зөвлөл хуралдуулах Ажлын хэсгийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоол гаргасан. Энэ болтол Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал дээр элдэв маргаан үүсгэхгүй явж байгаад хурлаараа шийдье гэсэн дээр бүгд санал нэгдсэн юм. Гэтэл О.Гэрэлт-Од Ерөнхийлөгч маань “За” гэж байснаа өнөөдөр “үгүй заавал өөрийнхөө оруулж ирсэн хүнийг Ерөнхий нарийн бичгийн даргад томилно” гээд зүтгээд эхэллээ.
Дүрмийн заалтаа баримтлах ямар ч сонирхолгүй байгаа учраас Удирдах хороо дараагийн арга хэмжээгээ авч Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг ёсзүйн хариуцлага алдсан, МЗХ-ны өмч хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан үндэслэлээр хариуцлага ярина.
Үйл ажиллагаагаа авч явж чадахгүй байгаа учраас Удирдах хороо огцруулах шаардлагыг Хариуцлагын хороондоо хүргүүлнэ. Хариуцлагын хороо шийдвэр гаргасны дараа дараа дараагийн хариуцлагыг үе шаттай аваад явна.
-УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Монголын Залуучуудын холбооны Хүндэт Ерөнхийлөгч болгосон нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Араас нь тушаалыш хүчингүй болгосон нь ямар учиртай юм бэ?
-Монголын залуучуудын холбооны Үндсэн дүрэмд “Хүндэт Ерөнхийлөгтэй байна” гэсэн заалт байхгүй.
-Ярилцсанд баярлалаа.
С.Отгонсүрэн