Андрей Михнев: Монгол Улс төсвийн шинжтэй дэмжлэгийг аажмаар бууруулах хэрэгтэй
Дэлхийн Банкнаас жилд хоёр удаа шинэчлэн гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцууллаа.
Энэ үеэр Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “Засгийн газраас олгож буй дэмжлэг нь ядуу иргэдийн хувьд цар тахлаас үүдэлтэй орлогын алдагдлыг нь нөхөх боловч эдийн засгийн сэргэлт удааширч, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа зэргийг харгалзан үзвэл өрхийн өр зээл нэмэгдэж, урт хугацаанд өрх гэрийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тэр дундаа хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орох вий гэдэг зовнилыг бий болгож байна.
Тийм ч учраас цар тахлыг хумьж, гадаад орчны харьцангуй таатай нөхцөлийг ашиглан эдийн засгийн сэргэлтийг бэхжүүлэхийн зэрэгцээ төсвийн шинжтэй дэмжлэг, зарцуулалтуудыг аажмаар бууруулах нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Их хэмжээний төсвийн шинжтэй зарцуулалт нь далд өрийг нэмэгдүүлэх, гадаад орчны тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй юм” хэмээн ярив.
Эрчимтэй вакцинжуулсны үр дүнд бүс нутаг дундаа Монгол Улс хүн амынхаа 60-аас дээш хувийг бүрэн вакцинжуулсан хоёр улсын нэг болоод байгаа. Вакцинжуулалтыг үр дүнтэй явуулсны зэрэгцээ дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх оноос сайжирч, засгийн газраас эдийн засгийг дэмжих олон хөтөлбөр, арга хэмжээг авснаар Монгол Улсын эдийн засаг сэргэж 2021 онд 4.5 хувиар, 2022 онд 5.2 хувиар өсөх төсөөллийг Дэлхийн банкнаас гаргажээ.
Харин, цар тахлын шинэ давлагаа үүсч, 2021 оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарсан, хилийн боомт дээрх гадаад худалдааны саатал удаан үргэлжилж байгаа зэргийг харгалзан үзээд бусад улсуудын адил Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулжээ.