АН “Одоо боллоо” жагсаалыг маргааш зохион байгуулна
Ардчилсан намаас зохион байгуулахаар төлөвлөж байгаа “Одоо боллоо” бүх нийтийн цуглааны талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ” АН аравдугаар сарын 1-нд “Одоо боллоо” бүх нийтийн цуглааныг зохион байгуулна. КОВИД-19-ийн үед 20 орчим их наяд төгрөгийг зарцуулсан ч тодорхой үр дүн гараагүй. Дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг ДНБ-ий 17 хувийг зарцуулж байна. Гэтэл манай улс ДНБ-ний 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулаад ч нас баралт, халдварын тохиолдлоороо дээгүүрт орж байгаа.
Эдийн засаг 5.4 хувиар унаж, инфляци хоёр оронтой тоо руу дөхлөө. ААН–үүдийн үйл ажиллагааг хааж, бизнесийн эрх чөлөөг боомилж байна. Тиймээс КОВИД-19-ийн хуулийг цуцлахыг шаардаж байгаа юм. Жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс цуглаанд ирж, үзэл бодлоо илэрхийлэхийг урьж байна” гэлээ.
АН-ын дарга М.Тулгат “Бид долоо хоногийн өмнө Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Бензиний хомсдлыг шийдэх, төрийн буруу зохицуулалтыг нэн даруй халах, хөрш орнуудтай дипломат харилцаа явуулж чадахгүй байгаа Элчин сайд, дипломат албаны ажилчдад хариуцлага тооцох, цар тахлын хууль нэрээр төсвийг хяналтгүй байлгах асуудлыг зогсоож, энэ хуулийг нэн даруй цуцлах шаардлагыг хүргүүлсэн.
Засгийн газрын хуралдаанаар шаардлагуудын хариуг хэлэлцсэнгүй. Ямар ч хариу авсангүй. Тиймээс бид маргааш төв талбайд эсэргүүцлийн цуглааныг хийх болно. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, масктай ч гэсэн эрх чөлөөний төлөө дуугарч чаддаг юм гэдгээ харуулна” гэдгийг хэлэв.
ВИДЕО ҮЗЭХ: