|

ГЕГ: БНСУ-ын иргэн 5,9 кг алт үнэт эдлэл МУ хилээр оруулж ирэхийг завджээ

Гаалийн байгууллагын хэмжээнд 2021 оны эхний 10 сарын байдлаар нийт 776 удаагийн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нийт 739 зөрчил илрүүлж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 6.7.1 дэх хэсэгт заасны дагуу нийт 30 зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийсэн байна. Өнөөдөр ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын албаны дарга Б.Сүхбаатар мэдээлэл өглөө.

Ердийн үедээ жилд дунджаар гаалийн байгууллагын хэмжээнд 2500-4000 зөрчил илэрч 10 орчим тэрбум төгрөгийн торгууль шийтгэл тавигддаг байна. Ковид-19 цар тахлын улмаас УОК-ын баталсан журмын дагуу хяналт, шалгалтыг хязгаарласнаар зөрчил илрүүлэлт харьцангуй өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлттэй байгаа аж. Дээр дурдсан 776 удаагийн зөрчилд нийтдээ 2.1 тэрбум төгрөгний татварыг нөхөн төлүүлж 1.2 тэрбум төгрөгийн торгууль, шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн улмаас 37.9 сая төгрөний үнэ бүхий барааг улсын орлого болгохоор түр саатуулж, 56.8 сая төгрөгний үнэ бүхий барааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнд түр хураасан байна.

БНСУ-аас ирсэн иргэн биедээ 5,9 кг алт үнэт эдлэлийг авч яван, гаалийн байгууллагад оруулж ирэхийг завдсан ба үүнд 30,9 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн. Мөн үүнд 15,5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. БНТУ-аас ирсэн Монгол Улсын иргэн 22,6 кг алт, мөнгөн эдлэлд 40,1 сая төгрөгийг татварт төлүүлж, 20 сая төгрөгийг торгууль ногдуулсан.  Их хэмжээгээр оруулж ирэх гэж байгаа үнэт эдлэлийг заавал гаалийн мэдүүлэгт бүртгүүлж, мэдэгдэх шаардлагатай байдаг аж.

15 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүнтэй валютыг заавал гаальд мэдүүлэх үүрэгтэй. Энэ зөвхөн Монголын гаальд биш дэлхийн олон улсын гаальд тодорхой босготойгоор бэлэн мөнгийг мэдүүлэх ийм хуулийн зохицуулалт байдаг. Алт үнэт эдлэлийн тухайд бол энэ бол бараа. Алт үнэт эдлэлээр хийсэн эд зүйлийг бол гаалийн байгууллагууд бараа гэж үзнэ. Оруулах тохиолдолд бусад бараатай адилхан гаалийн байгууллагад мэдүүлээ, гаалийн бүрдүүлэлтээ хийгээд, зохих татвар хураамжаа төлөөд явах бүрэн боломжтой. Боловсруулалтад оруулаагүй алт бусад үнэт металлыг заавал гаалийн байгууллагад мэдүүлэх тухайн улсаас худалдаж авсан гэрчилгээ, сертификатыг дагалдуулж хавсаргах шаардлагатай”  гэлээ. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *