МЗХ-г хувийн өмч мэт үзэх болсон О.Гэрэлт-Одыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлжээ
Монголын залуучуудын холбооны Удирдах хороо 2021 оны 9-р сарын 24-ний өдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоол гаргажээ.
Монголын залуучуудын холбооны Үндсэн дүрмийн 1.6-д “МЗХ нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, төрийн бус байгууллагын харилцааг зохицуулсан хууль болон энэхүү дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан бусад журмыг мөрдөж ажиллана” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Монголын залуучуудын холбоо ТББ нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн бус байгууллагын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
МЗХ-ны холбооны Удирдах хороо Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг “Монголын залуучуудын холбооны Үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн, байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, нуун дарагдуулсан, байгууллагын үнэт зүйл, үндсэн зорилго, ёсзүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн” үндэслэлээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс түдгэлзүүлж байгаагаа тогтоолдоо дурджээ.
Мөн 2021 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн Үндэсний залуучуудын зөвлөлийн III хуралдаан болох өдөр буюу 2021 оны 10-р сарын 29 хүртэл МЗХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дэд Ерөнхийлөгч Ж.Нямаад шилжүүлэхээр тогтсон байна.
О.Гэрэлт-Од холбооны өмчийн газар дээр ямар барилга бариулж буйгаа ТАС НУУЖЭЭ
МЗХ-ны хурал цуглаан хийдэг “Залуус” танхим, хуучнаар Соёлын мини театрын барилгыг нурааж барилгын суурь цутгаад байгаа. Тодруулбал Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од холбооныхоо Удирдах хорооны гишүүдийн нэрийг барьж нууцаар шахуу хувийн компанитай барилга бариулахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан нь БҮРЭН ЭРХЭЭС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ нэг үндэслэл болсон байна.
Бидэнд олдсон мэдээллээр Монголын залуучуудын холбооны өмчийн 600 метр квадрат газар дээр “Амбага-Овоо констракшн” компаниар 16 давхар оффисын барилга бариулахаар 2021 оны 4-р сард Хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Ингээд “Амбага-Овоо констракшн” компани 5-р сараас ажлаа эхэлж хуучин барилгыг нурааж, хогийг зайлуулан барилгын суурь цутгалт хийгээд байгаа аж.
Удирдах хорооны зүгээс “МЗХ-ны өмч хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах эрх Ерөнхийлөгчид байхгүй, хэрэв захиран зарцуулах бол заавал Удирдах хороогоор оруулж, тогтоол шийдвэр батлуулах ёстой” гэсэн байр суурь илэрхийлж, ямар зориулалттай барилга бариулж байгаагаа ил тод болго” гэсэн шаардлага тавьсан ч хариу өгөлгүй явсаар өнөөдрийг хүрсэн байна.
Энэ мэт асуудлаа цэгцлэхээр МЗХ-ны Удирдах хорооны гишүүд өнгөрөгч 9-р сарын 23-ны өдөр Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одтой зөвшилцөх уулзалт хийж “Гаргасан шийдвэрээ эргэж хар, Үндсэн дүрмийнхээ дагуу шийдвэр гарга, залуучуудын холбооны өмч болсон газарт дур мэдэн барилга бариулж байгаагаа тайлбарла” гэсэн утга бүхий шаардах бичиг явуулсан ч шаардах бичгийг үл тоосон тул дээрх шийдвэрийг гаргажээ.
Тэгэхээр Төрийн бус байгууллагын тухай хуулиараа МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од эрхзүйн чадамжгүй болж байна. Тус холбоог үргэлжлүүлэн удирдах хүнийг 10-р сарын 29-ний өдөр товлосон Үндэсний залуучуудын зөвлөлийн хурлаар шийдэх аж. Тус хурал болох хүртэл О.Гэрэлт-Одын ажил үүргийг дэд Ерөнхийлөгч Ж.Нямаад шилжүүлээд байгаа юм.
“Амбага-Овоо констракшн” ХХК 2021 оны 3-р сард байгуулагджээ
Нээлттэй мэдээлийн санд байгаа мэдээллээс “Амбага-Овоо констакшн” ХХК нь 2021 оны 3-р сард улсын бүртгэлд бүртгүүлжээ. Хувьцаа эзэмшигчээр Гүрбазарын Эрдэнэтуяа, Пүрэвийн Аззаяа нар бүртгэлтэй байв. Үйл ажиллагааны чиглэл нь барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, менежментийн зөвлөгөө өгөх гэжээ.