ХЗДХЯ-ны гадаа хоносон иргэдийг баривчиллаа
NoDoubleStandart хөдөлгөөнийхөн өнгөрөгч 9-р сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбайд “Одоо боллоо” жагсаал цуглаан зохион байгуулсан. Тус хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг, иргэн Д.Монголхүүг цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн үндэслэлээр 48 цагийн хугацаатай баривчлаад байгаа.
Энэ баривчилгааг хууль бус гэж үзсэн иргэд Д.Монголхүүг суллахыг шаардсан иргэд өчигдрөөс ХЗДХЯ-ны гадаа сууж, сайд Х.Нямбаатарыг гарч ирж тайлбар хийхийг шаардсан юм. Тэдний зарим нь яамны гадаа хоносон. Харин өглөө цагдаагийн байгууллагаас нэмэлт бүрэлдэхүүн ирж, яамны гадаа хоносон иргэдээс 2 эрэгтэй, нэг эмэгтэйг цагдаагийнхан баривчиллаа.
Дээрх баривчилгааны талаар Ардчилсан намын дарга М.Тулгат “Үзэл бодлоо илэрхийлж, Төв талбайд тайван замаар эсэргүүцлээ илэрхийлсэн залуусыг цагдаа нар хөөж, баривчилж эхэлсэн. Тухайн залуусын эсэргүүцэл үзүүлэх болсон шалтгаан нь төр, засгаас гаргасан шийдвэр тэгш үйлчлэхгүй байгаатай холбоотой.
Өөрөөр хэлбэл, цар тахлын үед бүх ААН, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлачхаад наадам хийх, олон хүн цуглуулсан арга хэмжээ зохион байгуулсны улмаас энэ тэмцэл эхэлсэн. Гэвч тэднийг төрөл бүрийн арга заль хэрэглэж, хамгийн сүүлд цагдаагийн биед гэмтэл учруулсан гэж хэрэг үүсгэн, баривчилгаа хийж байгаа үйл явдлыг эсэргүүцэж байна.
Дарангуй төртэй бусад улс орнуудад иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх үйлдлийг дардаг ийм жишээ бий. Өнөөдрийн энэ үйл явдал нь нийгэм маш аюултай, ноцтой байдал руу явж байгааг харуулж байна.
Энэ бол дан ганцхан иргэн Д.Монголхүүгийн асуудал биш. Эсэргүүцлээ илэрхийлсэн өөр хүмүүсийг бас барьсан. Зүгээр л үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг зориудаар ийнхүү барьж, хэрэг үүсгэж буй гутамшигт байдлыг таслан зогсоох хэрэгтэй” гэлээ.
Харин Цагдаагийн байгууллагаас Д.Монголхүүг баривчлах болсон шалтгаанаа Төв талбайд бүртгэлгүй жагсаал зохион байгуулж, цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйтэй холбоотой гэж тайлбарласан юм.
ВИДЕО ҮЗЭХ: