АМГТГ: Шатахууны хомсдол үүсэхгүй тул иргэд тайван байж болно
Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр, шатахуун импортлогч компаниудын төлөөлөл шатахууны хомсдол үүсч болзошгүй гэх мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр /2021.10.06/ тайлбар хийлээ.
Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр “Шатахууны хомсдол үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье. Татан авалт хэвийн үргэлжилж, үр дүнгээ өгч байгаа. Иргэдэд оочир үүсгэж, бухимдуулсандаа төрийн байгууллагын зүгээс уучлал хүсч байна.
Татан авалтын хэмжээнд нөлөөгөө үзүүлж байгаа. Нэг ШТС 24 цагт 10 тонн шатахууны борлуулалтыг хэвийн үедээ хийдэг байсан. Гэвч тухайн ШТС-д оочер дараалал үүссэнээр борлуулалтын тоо хэмжээ нэмэгдэх, хэдэн цагийн өмнө дуусах, бензин нь дуусахад хий соролт үүсэх, агуулахаас ШТС-аа цэнэглэх гэх мэт процессууд явагдаж байгаа. Үүнийг иргэд бензин дууссан мэтээр буруу ойлгож байх шиг байна. Шатахуун ямар нэгэн байдлаар тасалдсан зүйл байхгүй. Замын-Үүд болон Сүхбаатар боомт дээр бензин буугаад, хэвийн тараагдаж байгаа.
“Сод Монгол” группийн ерөнхий захирлын тушаал гарч дотооддоо тодорхой хэмжээний хязгаарлалтыг хийсэн гэх тайлбарыг авсан. Өчигдөр УУХҮ-ийн сайд ААН-ийн төлөөлөлтэй уулзаж ярилцахад тухайн үед техникийн алдаа гарсан гэдгээ “Сод Монгол” группээс хэлсэн бөгөөд залруулга өөрсдөө гаргасан байсан” гэв.
Шатахуун импортлогч компаниудын нөөц тасрах хэмжээнд хүрээгүй, хэвийн байгаа гэдэг мэдээллийг өглөө. Шунхлай компанийн хувьд өчигдөр өдрийн 16:00 цагаас эхлэн ШТС-уудад дараалал үүсч, 20:00 цагийн үед нийслэлийн хэмжээнд 4 ШТС-ын нөөц дууссан байна. Иргэдийн дараалал нэмэгдсээр шөнөдөө ихэнх нь ШТС-уудын шатахуун зарагдаж дуусчээ. Харин одоогийн байдлаар агуулахын нөөц хэвийн, станцуудад шатахууныг хүргэсэн байна.