Японд ойрын өдрүүдэд хүчтэй газар хөдлөлт болох магадлалтайг анхаарууллаа
Өчигдөр шөнө Японы цагаар 22:41 минутад Токио хотын орчим Чиба мужид 5.9 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Японы Засгийн газрын ХЭГ -аас ард иргэддээ мэдээлэл хүргэхдээ “Газар хөдлөлтийн дараа буюу ойрын өдрүүдэд чичирхийлэл илүү хүчтэй болох магадлалтай” байгааг Токиогийн эрсдэлтэй бүсийн оршин суугчдад анхаарууллаа.
Мөн Японы цаг уурын агентлагийн төлөөлөгч Цукада Шиня “Өмнө нь болж байсан газар хөдлөлтүүдээс үзэхэд нийт тохиолдлын 10-20 хувь нь хүчтэй газар хөдлөлтөөс хойш 7 хоногийн дараа болсон байдаг. Тийм учраас та бид ирэх долоо хоногт сэрэмжтэй байх хэрэгтэй. Та бүхэн хүчтэй газар хөтлөлт болох магадлалтай бүсэд амьдарч байна. Ялангуяа томоохон газар хөдлөлтүүд эхний газар хөдлөлтөөс хойш хэдхэн хоногийн дотор болдог” хэмээн ард иргэддээ анхааруулга, зөвлөгөөг хүргэжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэлд далайн хар шуурга үүсэж, их хэмжээний хохирол учруулаагүй ч 20 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
Токио болон Сайтама мужид болсон газар хөдлөлтийн чичирхийлэл нь 5 баллын хүчтэй мэдрэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн улмаас тус бүс нутгийн нийтийн тээврийн хөдөлгөөн түр хугацаанд тасалдахад хүрсэн байна. Төмөр замын ажилтнууд хурдны галт тэрэгний шугамын үйлчилгээг зогсоосон ч дараа нь хэвийн үйл ажиллагаатай болсон гэж мэдэгдэв. Харин орон нутгийн тухайд зарим хурдны галт тэрэгний шугамууд зогссон тул хүндрэл үүсээд байгаа юм. Мөн газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бүсийн барилга байгууламжийн хана нурж, гал түймрийн эрсдэл үүсэн, хэд хэдэн хорооллын төвийн хоолой хагарч, явган хүний зам руу их хэмжээний ус урссан байна.
Арлын Япон оронд амьдарч, ажиллаж байгаа Монголчууддаа газар хөдлөлтийн үед авах арга хэмжээг нэмэлтээр хавсаргав.
Орчуулсан: Сэтгүүлч Ж.Халиун