Халдварын тархалтын 3 дахь давалгаа ОРГИЛ ҮЕДЭЭ иржээ
Ковид19 нөхцөл байдал, коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар хийлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Коронавирусийн эсрэг вакцинд зорилтот бүлгийн иргэд буюу 18-аас дээш насны хүн амыг болон 12-17 насны хүүхдүүдийг хамруулж байна.
Аравдугаар сарын 7-ны өдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамралт 95.5 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 90.5 хувьтай үргэлжилж байна.
Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 65.6 хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгээд байгаа. Харин вакцины гурав дахь тунг өнгөрсөн наймдугаар сараас эхлэн үе шаттай хийж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 332,000 иргэн хамрагджээ. Энэ нь вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн 15.6 хувийг эзэлж байгаа юм.
Вакцины нэмэлт тунг хийлгэсэн иргэдийг насны ангиллаар авч үзвэл 55-аас дээш насны иргэд илүү идэвхтэй хамрагдсан байна. Вакцинд хамрагдсанаар халдвараас сэргийлээд зогсохгүй хүндрэлээс хамгаалах ач холбогдолтой. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Халдварын тархалтын гурав дахь давлагаа оргил үедээ ирсэн байна. 2021 оны есдүгээр сарын сүүлийн 7 хоногоос аравдугаар сарын эхний 7 хоногт халдварын тархалт оргил үедээ ирсэн.
Гурав дахь давлагаа дельта хувилбарынх юм. Учир нь нийт илрэх тохиолдолд дельта хувилбарын эзлэх хэмжээ 90-ээс их хувь байна. Олон улсад ч ийм байгаа. Учир нь вирус өөрөө мутацлагдсан гэсэн үг. Альфа хувилбараар халдварлаж өвдсөн хүн дараа нь дельта хувилбараар өвдөж болно. Альфа хувилбараар өвдөөд дараа нь дахин дельта хувилбарын халдвар авсан 10 мянган хүн байна” гэлээ.