Экс ерөнхийлөгч сүүлийн 15 жил өөрөө удирдаж буй ТББ-аа “Улсын баатар цол”-оор шагнажээ
Монголын Ардчилсан Холбоо нь 1989 оны ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулсан улс төрийн хөдөлгөөн бөгөөд ерөнхий зохицуулагчаар нь анх С.Зориг, Ц.Элбэгдорж нарын хүмүүс ажиллаж байж.
Харин тус холбоог 2006 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Х.Баттулга удирдаж байгаа юм. Тодруулбал, тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа ч МоАХ ТББ-ыг удирдаж, энэ хугацаандаа “МАНАН дэглэмийн эсрэг жагсаал” зэрэг улс төрийн жагсаалд тус холбооны гишүүдийг нь оролцуулж байсан гэдэг. Тухайлбал, сүүлд “Ерөнхийлөгч Х.Баттулга МОАХ-ны гишүүдийг 50 мянган төгрөгийн төлбөртэй жагсаалд бэлтгэж байна” гэх мэдээлэл ч зарим хэвлэлд гарч байжээ.
Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээс харвал, МоАХ ТББ-ын хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий хүнээр дан ганц Х.Баттулгыг бүртгэжээ. Товчхондоо, Х.Баттулга сүүлийн 15 жилийн хугацаанд өөрөө удирдаж буй тус холбоог “Монгол Улсын баатар” цолоор шагнасан гэсэн үг юм.
Тус ТББ нь Сүхбаатар дүүрэгт байрладаг өөрийн гэсэн хоёр давхар байртай төдийгүй, хэрэв уг холбоог Х.Баттулга удирдаагүй бол өдийд АН-ынхан байрлаж, намын гишүүд олонтаа явж харагдахгүй байсан гэж зарим намын гишүүд үздэг байна.