Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 247 сая төгрөгөөр барьсан гүүр ЭВДЭРЧЭЭ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын баруун талд Онги гол дээгүүр барьсан модон гүүрний хоёр талын далан сэтэрч эвдэрсэн талаар “Өвөрхангай мэдээ” сонин мэдээлжээ.Уг гүүрийг голын гольдролын хэмжээнд хүргэлгүй, богинохон барьж, хоёр талд нь шороогоор далан барьсан нь үерийн усанд урсаж эвдрэхэд  хүргэсэн асуудлыг хөндсөн байна.

Тус  гүүрийг улсын төсвийн 247 сая төгрөгөөр “Эвт уул” ХХК барьж гүйцэтгэн, 2019 онд ашиглалтад оруулж, улсын комисс хүлээж авсан аж. Гүүрний далангийн араар их хэмжээний цүнхээл ус тогтож, гүүрний хоёр талын  шонгууд унасан байдалтай байв.  Малчин айлын мал живсэн  талаар ч нутгийн иргэд ярьсан гэнэ.

Энэ асуудлаар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга Б.Баасантай  утсаар холбогдож тодруулахад “2019 онд ашиглалтад орсон 72 метр урттай модон гүүрийн  хоёр талын далан сэтэрсэн.

Улсын төсвийн хөрөнгөөр гүүрийг барьсан “Эвт уул” компани 3 жилийн хугацаанд ашиглалтыг  хариуцах гэрээтэй, Сангийн яаманд барьцаа хөрөнгө байршуулсан  учир  орон нутаг компанитай  хамтраад засварлаж байгаа.

Энэ зун бороо ус ихтэй үер бууснаас ийм асуудал үүссэн. Далан сэтэрсэн болохоос гүүрэн байгууламж эвдрээгүй. Бас голын голдирол өөрчлөгдөж салаалж урсаад  цаад талдаа ус хуримтлагдаж далангаа урсгаад байгаа учир шуудуу татаж хоолой тавихаар ажиллаж байна. Ойрын хугацаанд 3 өдөрт багтаагаад засварлаж дуусгана” гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *