Ж.Нямаа: Албан тушаалын наймаа хийж, үнэ тогтоож байгаа О.Гэрэлт-Одоос ичиж байна

Монголын залуучуудын холбооны Удирдах хорооноос өнөөдөр /2021.10.12/ мэдээлэл хийж  тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн, байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн зарцуулсан, нуун дарагдуулсан, албан тушаалын наймаагаар үнэ тогтоосон  гэх зэрэг үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэснээ зарласан.

Энэ талаар МЗХ-ны Дэд ерөнхийлөгч Ж.Нямаа “МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нь МЗХ-ны үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн, байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, нуун дарагдуулсан, байгууллагын үнэт зүйл, үндсэн зорилго, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн тул Монголын залуучуудын холбооны Үндэсний залуучуудын зөвлөлийн гуравдугаар хуралдаан хүртэл МЗХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Албан тушаалын наймаанд үнэ тогтоож  байгаа О.Гэрэлт-Одоос ичиж  байна ” гэлээ.

МЗХ-ны Удирдах хорооны нарийн бичгийн дарга Г.Батбаатар “Сүүлийн гурван сарын хугацаанд үүсээд буй нөхцөл байдал нь үндсэн дүрэмтэй холбоотой. Өөр өөрөөр тайлбарласан байдаг. Тиймээс Үндэсний залуучуудын зөвлөлөө хуралдуулж, үндсэн дүрмээ өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна.

МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд “Барилгатай холбоотой асуудал нь 2021 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Тухайн үед ерөнхийлөгч О.Гэрэлт-Одоос хариулт нэхэж байсан ч 100 жилийн ойтой давхацсан тул ойг зохион байгуулахдаа ихэнх анхаарлаа хандуулсан.

Үүний дараагаар тайлбар хийх шаардлагыг дахин өгсөн боловч огт хариу өгөөгүй. Түүгээр үл барам хойд хэсэгт байх өмчийн газарт хувийн компанитай гэрээ байгуулж, түүнийгээ нуун дарагдуулан барилгын ажлыг шууд эхлүүлсэн.

МЗХ-ны өмчийн газарт барилга барьж байгаа “Амбага овоо констракшн” 2021 оны 4-р сард байгуулагдсан компани. Ийм компанитай шууд гэрээ байгуулчихсан байгаа юм. Би хардах эрхийн хүрээнд ярихад  МЗХ-ны байранд Хуульзүйн сайд Х.Нямбаатарын зөвлөх н.Анхжаргал суудаг, нэг давхарын 101 тоотод УИХ-ын гишүүн асан Д.Гантулга суудаг. Наад нөхдүүд чинь хамсаатнууд нь.  Дээрээс нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ барилгатай холбоотой гэсэн мэдээллүүд ирж байгаа. 

Мэдээллийн хурлын үеэр Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од өрөөнөөсөө гарч  ирж, өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “Барилгын ажил дөрөвдүгээр сард эхэлсэн. Гэвч яагаад  одоо дуугарч байгаа юм. Хүн бүрд өөрсдийн эрх ашиг бий байх. Барилгын ажил хамтын шийдвэр, тогтоолын дагуу явагдсан.

Барилгын тухайд МЗХ өмч хөрөнгө ихтэй байсан ч тоноод, энэ 4 давхар барилгаас өөр юм үлдээгүй. Тиймээс МЗХ-нд барилга байшин нэмэх гэж байгаа юм.  Гэрээний тухайд МЗХ нь 16 давхар барилгаас нийт 42.5 хувийг МЗХ авахаар гэрээлсэн байсан.  Гэхдээ гэрээг цуцлах бичгийг тухайн компанид өгсөн байгаа” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *