Гашуун сухайтад саатсан нүүрс, Тяньжин боомтод саатсан 4575 чингэлэг ачааг шуурхай шийдвэрлэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай өчигдөр  цахим уулзалт хийсэн.

Уулзалтаар хоёр улсын ачаа эргэлтийг  10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгджээ.

Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

 

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4,575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ.

Түүнчлэн цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллах,  нийслэл Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, автозамын түгжрэл бууруулах зэрэг асуудлаар санал солилцжээ.

Ерөнхий сайд нар цаашид ч ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, хоёр талын тааламжтай үед биечлэн уулзахаар тохиролцжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *