Б.Жавхлан: НӨАТ-ын 10 хувь болон буцаан олголтын 2 хувьд өөрчлөлт орохгүй
Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “НӨАТ-ын буцаан олголтыг зогсооно” гэх агуулгатай зүйл ярьсан нь олон нийтийг төөрөгдөлд оруулаад байсан. Сангийн сайд Б.Жавхлан дээрх мэдээллийг өөрөө үгүйсгэсэн юм.
Тэрээр “НӨАТ-ын буцаан олголтыг олгох, олгохгүй талаар асуулал огт хөндөгдөөгүй. Ийм татварын бодлого огт байхгүй. Ойрын жилүүдэд НӨАТ 10 хувь болон буцаан олголтын 2 хувь хэвээрээ байна. Сэтгүүлчид “Татварын буцаан олголтын 2 хувийг нэмэгдүүлэх үү” гэж асуусан.
Ойрын хугацаанд татварын буцаан олголтын 2 хувийг нэмэгдүүлэх боломж байхгүй. НӨАТ-ын хувь хэмжээ манай улсад харьцангуй тогтвортой байна. 10 хувь гэдэг нь дэлхийн 150 орчим улстай харьцуулахад багадаа ордог.
Манай хоёр хөрш гэхэд л нэг нь 16 хувь, нөгөө нь 20 хувийн татвартай. Европын улсуудад дунджаар 18-20 хувь байдаг. Манай улс НӨАТ 8 хувь гэдэг нэлээд бага хэмжээ. Тийм учраас цаашдаа НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхгүй, татварын хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй.
Манайд НӨАТ-т хамрагдалт 2015-2016 онд байхад 45 хувьтай эхэлж байсан бол одоо 67 хувьд хүрсэн. Цаашдаа 80-90 хувь болгох зорилт тавиад ажиллаж байна. Буцаан олголт бол НӨАТ-т хамрагдалтыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг гэж ойлгож болно. Тэр ч утгаараа 80-90 хувь болтол энэ асуудал хөндөгдөхгүй. Харин 80-90 хувь болсны дараа хувь хэмжээг багасгах асуудал яригдах ёстой. Энэ хугацаа хэдэн жил байх уу гэдэг нь НӨАТ-ын системээ сайжруулах, хэрхэн яаж хөгжүүлэхээс хамаарна.
НӨАТ бол хамгийн тогтвортой төсвийн орлогын эс үүсвэр. Манай улсын нийт орлогын 27-28 хувийг эзэлдэг. Үүнийг бид сайжруулах ёстой. Татварын орлогоос гадна энэ НӨАТ гэдэг маань далд эдийн засгийг ил болгодог бүртгэлийн зорилготой татварын систем.
Тэр тал руу нь илүү хөгжүүлж, татварынхаа хувь хэмжээгээр оролдохгүйгээр далд эдийн засгийг ил болгож, татварынхаа суурийг тэлэх бодлогыг илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй” гэх тайлбар өгчээ.