Г.Ёндон : Төр цаашид шатахууны үнийн асуудалд оролцох нь буруу

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомсдол үүсэхэд нөлөөлсөн албан тушаалтанд хариуцлага тооцох үүргийг салбарын сайд Г.Ёндонд үүрэгдсэн. Гэвч энэ дуулиан дараагийн хомсдол болох шахмал түлш, асуудал дагуулсан хуулийн төсөл рүү чиглэж, нам дарагдсан.

Угтаа алдаа гаргасан албан тушаалтан нь хариуцлага хүлээх учиртай. Үүнийг Ерөнхий сайд даалгасан. Олон нийт ч үүнийг дэмжиж, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцрохыг шаардаж байв. Гэвч сайд энэ асуудлаас өөрөө уснаас хуурай гарав бололтой. Тэр ч бүү хэл монголчуудыг улсаар нь шатахууны хомсдол оруулсан буруутанг өнөөдрийг хүртэл олж чадсангүй.

Тэрбээр “Манай улсын шатахууны нөөц сэргэж байна. Тухайлбал, ОХУ-аас импортолж буй 17 вагон буюу 1034 тонн шатахуун манай улсад орж ирлээ. Мөн 12 вагон, 724 тонн шатахуун ирж байгаа. Өнөөдөр гэхэд Хөх хотоос ачигдсан 50 вагон шатахуун Эрээнд ирсэн. Ингэснээр шатахууны нөөц нэмэгдэнэ. Өнгөрсөн хавар эдийн засаг 5.3 хувиар хасах болсон үед иргэдийн амьжиргаанд аль болох бага дарамт учруулах, бага зардал гаргах чиглэлээр АИ-92 бензиний үнэд Төр оролцож, импортлогч аж ахуй нэгжүүд маань зургаадугаар сарыг хүртэл үнийг барьсан. Энэ хугацаанд ААН-үүд 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэх тооцоо бий. Тиймээс цаашид төр шатахууны үнийн асуудалд оролцох нь буруу” гэдгийг мэдэгдэв.

Түүний хэлж буйгаар бол ААН-үүд алдагдал хүлээж болохгүй. Харин ард түмэн үнэтэй шатахуун худалдан авах нь салбарын яам, төр засагт хамаагүй гэх зүйлийг хэлэх шиг. Энэ нь Г.Ёндон сайдыг огцруулах дараагийн шалтгаан болж, олны эсэргүүцэлтэй тулгарах бололтой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *