Умард Солонгосын ард түмэн хүнсний хомсдолд өртөж байна
Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал болон бусад хүчин зүйлээс шалтгаалж чанга хатуу хазгаарлалт, хориг дунд амьдарч буй Умард Солонгост хүнсний хомсдол улам даамжирч, хүүхэд, хөгшид нэрвэгдэж байгаа талаар НҮБ-ын судлаач нар энэ долоо хоногт мэдэгджээ.
Эх сурвалжийн мэдээллэснээр Пёньяны хилээ хаасан шийдвэр нь гол түншийн холбоотой Хятадаас бордоо болон бараа бүтээгдэхүүн авах боломжгүй болгосон. Мөн цөмийн хөтөлбөрөөс шалтгаалсан олон улсын хориг, сүүлийн үед дэгдсэн африкт гарч буй гахайн ханиадны халдвар зэргээс болж хөдөө аж ахуйн салбар олон асуудалтай тулгараад байгаа юм. Түүнээс гадна 2020 оны нэгдүгээр сараас эхлэлтэй цар тахлын эсрэг хатуу арга хэмжээ тус улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, нийт хүн амын дунд хүний эрх зөрчигдөх нь улам нэмэгджээ. Тухайлбал, эрх баригчид цар тахлын халдвар орж ирэх, тархахаас сэргийлж бүх хилээ хааж, хот, мужуудын хооронд хөдөлгөөнийг хориглож, ямар ч импортын бараа хүлээж авахааргүй болгосон.
Олон улсын судлаачдын тооцоолж байснаар цар тахлаас өмнө Умард Солонгосын нийт хүн амын 40 орчим хувь нь хүнсний эмзэг нөхцөлд амьдарч байсан. Одоо энэ тоо асар ихээр нэмэгдсэн байх нь тодорхой юм.
Өдгөө Умард Солонгосын иргэд хоногийн хоолоо залгуулж чадахгүйд хүрч, зарж болох гэрийнхээ бүх тавилга, өмч хөрөнгөө зарж, барьцаалж аргацаах болсон гэнэ. Мөн маш олон уурхай, үйлдвэр тоггүй, сэлбэггүйн улмаас хаагдаж, үйл ажиллагаагаа зогсоожээ. Үр дагаварт нь орон гэргүй хүүхдүүдийн тоо олширч, биеэ үнэлэлт, хар тамхины нууц наймаа, хулгай дээрэм эрс нэмэгдсэн гэнэ.