С.Эрдэнэ: Давж заалдах, гомдол гаргах эрхгүй тул дахин маргаан гарахгүй
Ардчилсан намын дотоод маргаан эцэслэгдсэн хэмээн тус намын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр “Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн нэр бүхий шүүгч Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд бүртгүүлсэн нь хууль зөрчсөн асуудал гэдгийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх тогтоосон. Энэ нь эцсийн шийдвэр юм.Ингэснээр Ардчилсан намын дотоод маргаанд цэг тавигдсан. Ц.Туваан гэдэг хүний дүрмийн бус үйл ажиллагаанууд нь бүгд хүчин төгөлдөр бус болж байгаа” гэлээ.
Түүнчлэн одооноос хууль ёсны Ардчилсан нам, хууль ёсны намын дарга нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж явуулна гэдгийг тэрбээр мөн дурдаж, намын шинэчлэлийн төлөө ажиллахаа илэрхийлсэн юм.
Мөн “Намын үндсэн дүрэм болон Улс төрийн намын хуулийн хүрээнд дараагийн удирдлагаа сонгон баталгаажуулж, Дээд шүүхэд бүртгүүлнэ. Дахиж тамгатай тамгагүй, эрхтэй эрхгүй гэх асуудал яригдахгүй. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийд байдаг. Давж заалдах, гомдол гаргах эрхгүй тул дахин маргаан гарахгүй” гэлээ.
Сөрөг хүчний хувьд Ардчилсан нам эрх баригчдад хяналт тавьж, өнөөгийн нийгэмд тулгамдаад буй улс төр, эдийн засаг, хүний эрхтэй холбоотой олон чухал асуудалд эрх баригчдаас хариу нэхнэ гэв.