“Зайсан хилл”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна” гэв
Өнгөрөгч 5 дахь өдөр буюу 2021 оны аравдугаар сарын 15-нд зохион байгуулагдсан “Камертон” хамтлагийнх тоглолт НОК-ын журмыг зөрчсөн эсэх, цаашид үйлчилгээний байгууллагууд хэрхэн ажиллах талаар Хотын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Хотын дарга Д.Сумъяабазар “Эрүүл мэнд болон эдийн засгийн асуудлыг харилцан уялдаатай, зохистой хэмжээнд авч явахын тулд ажиллаж байна. Бид аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Гэхдээ халдварын нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжүүдийг сахин ажиллаж байгаа юм.
Аж ахуйн нэгж байгууллагууддаа Хариуцлагын гэрээгээ мөрдөж ажиллахыг шаардан, тодорхой хяналт шалгалтыг хийж байна. Камертон хамтлагийн тухайд тийм тоглолт хийх гэж байгаа талаараа НОК-т албан бичиг ирээгүй ” гэлээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал “ХУД-ийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Зайсан хилл цогцолборын тоглолтын танхимд 19:00 цагаас Камертон хамтлагийн тоглолт зохион байгуулагдсан.
2021 оны зургаадугаар сараас эхлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, цагдаагийн байгууллага болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хамтарсан шалгалт хийж байгаа. Энэ хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн.
Дээрх тохиолдолд хувь хүнийг 500 нэгжээр торгох эсвэл 30 хоног баривчлах, хуулийн этгээдийг 5,000 нэгжээр торгодог. Уг хэрэгт шалгалтын ажиллагааг даруй хийж гүйцэтгэн, маргааш шүүхэд асуудлыг оруулж, зөрчлийн хууль тогтоомжийн дагуу холбогдох хариуцлагыг тооцно” гэлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Бид Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлалтай “Зайсан хилл”-д шалгалт явууллаа. “Собт трэйд” компани энэ барилгыг эзэмшдэг. Тэд дотогш нэвтэрч буй хүмүүсийн халууныг шалгаагүй, ажилчдынхаа халууныг шалган бүртгээгүй. Хоолны газар нь ариун цэврийн шаардлага хангаагүй.
Хүн хоорондын зайг баримтлаагүй. Тоглолт үзсэн хүмүүс яаралтай шинжилгээнд хамрагдах нь зөв. Бид улбар шар түвшинд байна. Үүнд жагсаал цуглаан, урлагийн тоглолт, спортын тэмцээн, хурим найр хориглосон. Харин үзэгчгүйгээр, Нийслэлийн онцгой комисст урьдчилж мэдэгдээд, лайваар үйл ажиллагаагаа шууд дамжуулж буй газрууд бий.
Гэтэл нэг дор ийм олон хүнийг цуглуулсан нь иргэдийн эсрэг хийж буй гэмт хэрэг мөн. Бид Зөрчлийн хэрэг нээлгэн шалгуулна. “Софт трэйд”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг л юм ярьж байна л даа. Өнөөдрийг хүртэл Хариуцлагын гэрээ байгуулаагүй байна. Мэргэжлийн хяналт очихоор бичиг баримтаа гаргаж өгдөггүй гэж Мэргэжлийн хяналтын байцаагч хэллээ?
–Д.Сумъяабазар: Бид ниргэсэн хойно нь хашхираагүй. Цаашид мэргэжлийн хяналтын байцаагч нараас айдаг болно. Л.Эрдэнэчулуун дарга тусгай зөвшөөрлийг нь цуцал. Мөнгөн торгууль тавь. Үгэнд ордог болгоно.
-“Софт трейд” компанийн захирал нь Сайнбуянгийн Ганбат гэж хүн юм байна. Шадар сайд С.Амарсайханы төрсөн дүү гэж ойлголоо?
-Сайнабуянгийн Ганбат байна уу, хэн ч бай адилхан хариуцлага тооцно. Цаашид гөлөр мөлгөр байхгүй, хатуу байна.
-Камертон хамтлагийн тоглолтын зар урьдчилаад явсан. Тэр үед нь яагаад хяналт тавиагүй вэ?
-Аль болох зөвлөн тусалж байгаа ч үнэхээр болохгүй газрууд байна. “Зайсан хилл” наймдугаар сараас хойш 10 удаа зөрчил гаргажээ. Бид шуурхай хуралдаан бүрд Хариуцлагын гэрээний биелэлтийг ярьдаг. Дэглэмээ бариад ажиллаач ээ гэж байна. Үүнээс өөрөөр дэмжих арга алга. Халдвар буураагүй байна. ААН-үүд хариуцлагатай байж, хэм хэмжээндээ байгаач. Торгох гээд улайраад яваад байгаа юм байхгүй.
Цирк аль гээд орилоод байсан “Зайсан хилл”-ийг угтуулж тавьсан жүжиг байж.