БАРИМТ: Д.Дагвадоржийн залуу эхнэр М.Отгонцэцэгийн “удирддаг” компани туслан гүйцэтгэгчидээ ХОХИРООЖЭЭ
Монголын ард түмэнд хайрлуулж, хүндлүүлж, тэр хэрээр ажил амьдрал нь өнгөтэй өөдтэй явдаг цөөн хүмүүсийн нэг нь Хотын дарга Д.Сумъяабазар, Сумогийн их аварга Д.Дагвадорж нар.
Мэргэжлийн сумогоос зодог тайлсан Д.Дагвадоржийн нэг бус удаагийн ёсзүйгүй үйлдэл, алдааг нь Монголчууд хэдийн уучилж, мартсан. Өдгөө ч үгэнд нь үнэмшдэг хэвээрээ биз.
Ах Д.Сумъяабазарыг улстөр лүү “урвахад” нь бас л хайрлан дэмжиж УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, Хотын дарга болтол нь дээш заллаа.
Гэвч ах дүүс хувийн эрх ашгаа урдаа тавьж, ард түмний хайр, хүндлэлийг “дэвслэх” болсон нь харамсалтай.
Үе үе нийгэмд шуугиан тариад намжих Үндэсний хөрөнгө оруулалтын банк, АСА циркийн хувьчлал зэрэг бол ердөө ил харагдаж байгаа нь.
Бизнесээ босгох гэж бор зүрхээрээ хөдөлмөрлөж яваа залуус тэдэнд итгэж ажил хийснийхээ хариуд өрөнд баригдаж, олон зуун гэр бүл хоолноосоо салсныг олон нийт тэр бүр мэдэхгүй.
Баримт сөхөе.
Д.Сумъяабазар Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 470 км авто замын концессыг батлуулсныхаа “шагналд” дүүдээ замын ажлын 1, 2-р багцыг авч өгсөн үү?
Д.Сумъяабазар уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхдаа 2019 онд нэг том “гавьяа” байгуулжээ. Тодруулбал “Таван Толгой-Манлай-Ханги чиглэлийн 470 км авто замын төсөл”-ийг хэрэгжүүлэх Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг Монгол Улсын Засгийн Газраар 2019 оны 07 сарын 31-ний өдөр батлуулсан байдаг.
Уул уурхайн салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх автозамын ажлыг Уул уурхайн сайд нь цаг алдалгүй батлуулах гэж зүтгэх нь мэдээж. Гэхдээ энэ гэрээ анхнаасаа л Д.Сумъяазарын хамаарал бүхий, бизнесийн эрх ашиг нэгдсэн хүмүүсийн гараар дамжиж, ямар нэг сэжмээр холбогдсон байдаг.
Тодруулбал Концессын гэрээний нөгөө тал Үндэсний хөгжлийн газар ажил гүйцэтгэх компанийг шалгаруулдаг. Тус газрын даргаар Б.Баярсайхан ажиллаж байв. Б.Баярсайхан бол Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын үүсгэн байгуулсан Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 15 хувийн хувьцаа эзэмшдэг буюу эртнээс түрүйвч нэгтэй улс.
Тайлбар: Б.Баярсайханы хөрөнгө орлогын мэдүүлэг
Концессын гэрээг хэрэгжүүлэгч нь “ТАХИЛТ ХАЙРХАН ТРАНС” ХХК. “Тахилт хайрхан транс” компанийн эзэн нь Энхболдын Оюутцэцэн /Д.Дагвадоржтой эртний холбоотой нэгэн/ Гүйцэтгэх захирлаар БНХАУ-н иргэн Lai Zhenbao ажилладаг аж.
Харин тус концессын Ерөнхий гүйцэтгэгчээр гадаадын хөрөнгө оруулалттай “Ти ти си энд ти” ХХК ажилладаг бөгөөд Гүйцэтгэх захирлаар нь мөн л БНХАУ-ын иргэн Ge Ling Xing ажилладаг. Тус Хятад иргэн нь БНХАУ-н Norinco group (зэвсгийн үйлдвэр)-д хариуцлагатай алба хашдаг аж.
Дээр дурдсан “Тахилт хайрхан транс” ХХК, “Ти ти си энд ти” ХХК болон Эрдэнэс Таван Толгой хөрс хуулалт хийдэг “Ти ти жи си ви өү” ХХК-иудын албан ёсны хаяг УБ, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Моннис цамхаг 6-р давхарт байрладаг нь сонирхол татдаг. Нэг барилгад, нэг давхарт эдгээр компаниуд хаягтай байгаа нь хардах нэг үндэслэл.
“Тахилт хайран транс” ХХК-ийн захирал Э.Оюутцэцэн, Д.Дагвадоржийн хамт
“Ундарга-Од” ХХК-ыг нягтлан бодогч А.Бямбасүрэнгийнхээ нэр дээр БҮРТГҮҮЛЖ өнгөлөн далдалжээ
Учир нь Таван толгой-Манлай-Ханги чиглэлийн 470 км авто замын 6 багц ажлын 1, 2-р хэсгийг Д.Сумъяабазарын дүү Д.Дагвадоржийн хамаарал бүхий “Ундарга од” ХХК гүйцэтгэхээр гэрээлжээ. Тэд “Ундарга-Од” компанийг өөрсдийнхөө нэр дээр бүртгүүлэхгүй, төөрүүлэхээ сайн мэднэ.
Шинээр байгуулагдсан байвал олны хараанд өртөж, хэл ам дагуулна гэж болгоомжилсон уу өөр хүнээс “Ундарга-Од”-ыг 2019 онд худалдан авч, өөрсдийн итгэлтэй хүн “Монголын үндэсний цирк” ХХК “Роялплаза” ХХК зэрэг компаниудынхаа нягтлан бодогч А.Бямбасүрэнгийн нэр дээр бүртгүүлжээ.
А.Бямбасүрэн нь циркийн барилгыг аж ахуй нэгжүүдэд түрээсэлдэг, түрээслүүлэгчийг төлөөлөн гарын үсэг зурсан баримтууд бидэнд олдсон нь хардлагыг лавшруулсан юм.
Д.Дагвадорж өөрөөсөө олон насаар дүү отгон эхнэртээ компани бэлэглэж, гүйцэтгэх захирлын албан тушаалаар шагнадаг бололтой. Өөрт хамааралтай байсан “Ийстлайн”, “Клоннер”, “Эм Си Ай Эф”, “Рояал плаза”, “Аса трэвэл”, “Аса Гүүдс”, “Кинг Хорс Монголиа” ХХК-уудаа шилжүүлжээ.
Харин “Ундарга-Од” компанийг А.Бямбасүрэнгийн нэр дээр бүртгүүлсэн боловч мөн л отгон эхнэр М.Отгонцэцэг нь далдуур удирдаж, авто замын ажилд нь идэвхийлэн оролцож явааг эх сурвалж мэдээлсэн юм.
Ажиллах хүч, тоног төхөөрөмжгүй “Ундарга-Од” ХХК дороо туслан гүйцэтгэгч 6 компанид нэг ч төгрөг төлөөгүй
Хамгийн ноцтой нь авто замын томоохон ажил авсан “Ундарга-Од” ХХК нь зам барих тоног төхөөрөмж, ажиллах хүч байхгүй. Бүр тодорхой хэлвэл бусдаас худалдаж авсан, цаасан дээрх компани. Тиймээс ажил хийж харагдах, хөрөнгө оруулагч талаасаа эхний ээлжийн санхүүжилт татахын тулд дороо туслан гүйцэтгэгч компаниуд авч ажиллуулжээ.
Тэд “том төсөл хийж байгаа, ажлаа хурдан эхэл, санхүүжилт асуудалгүй” хэмээн итгэл төрүүлсэн гэнэ. Компаниуд зээл авах нь авч, машин техник түрээслэх нь түрээсэлж, өөрсдөө зардлаа гарган ажилдаа орсон байна.
Гэвч анх гэрээ байгуулахдаа чихэн дээр цэцэг ургуулж явсан Д.Дагвадорж аваргын отгон гэргий М.Отгонцэцэг гүйцэтгэгч компанийхантай уулзахаа больж, төлбөр санхүүжилт нэг ч төгрөг өгөлгүй ажил гүйцэтгэсэн компаниудаа хүнд байдалд оруулжээ.
Санхүүгийн хувьд хүнд байдалд орсон компаниуд арга бюу ажлаа зогсоож, замын ажлаа орхиход “Ундарга-Од” ХХК дараагийн туслан гүйцэтгэгчтэй гэрээлж, мөн л санхүүжилт олгохгүй хохироож явсаар өнөөдрийн байдлаар 6 компанийн 300 гаруй ажилтан, тэдний гэр бүл хохироод байна. /хохирогчид нэмэгдсэн байх магадлалтай/
Хятадуудаас 10 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг сонгуулийн өмнөхөн авчээ
Тэд үнэхээр туслан гүйцэтгэгч компаниуддаа санхүүжилт олгох мөнгөгүй байсан уу? 2020 оны сонгуулийн өмнө авто замын 1,2-р хэсгийн ажлын урьдчилгаа төлбөр 5.6 сая ам.доллар, технологийн замын урьдчилгаа төлбөр зэргээр 10 орчим сая ам.долларын санхүүжилтийг Хятадуудаас авсан аж. Гэвч энэ мөнгөнөөсөө туслан гүйцэтгэгч нартаа төлөөгүй нь гайхшрал төрүүлнэ. Ажил хийсэн хүмүүст өгөх мөнгөө сонгуульд цацаад дууссан уу, бүү мэд.
Эндээс тоног төхөөрөмж ажиллах хүчгүй компанийг төслийн гүйцэтгэгчээр шалгаруулж хууль зөрчжээ. Учир нь гүйцэтгэгч компани дороо дахин туслан гүйцэтгэгч авахгүй байх хуулийн заалт бий.
Хоёрдугаарт, Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын дээрх үйл баримтууд нь ашиг сонирхлын зөрчил гэдгийг хэрхэн тогтоох нь тодорхойгүй байгаа нь энэ мэт хууль бус үйлдэл гаарахад нөлөөлж буй. Өөрөөр хэлбэл дээрх аргаар бусдыг хохироож, хууль зөрчих нь өөрөө ХУУЛИЙН ЦООРХОЙ болчихоод байна. Үүнийг бичигч би бээр мөн л “нэр төртэй эрхмүүдийг гүтгэсэн хэрэгт” унаж мэднэ.
Гэвч ажил бизнес нь зогсч, дампуурсан компаниуд, тэдний ажилчид, амьдралаараа дэнчин тавьж ажил хийгээд “хулхидуулсан”, хярвас үнэртүүлээд явж байгаа эгэл жирийн залуус үнэний гэрч билээ.
Үргэлжлэл бий…
С.ОТГОНСҮРЭН
Хараалын хар нүхэнд унаасай.