Сайд асан Д.Ганбат УБТЗ-ын дарга болох уу
Монгол, Оросын хамтарсан УБТЗ ХНН албан ёсоор гурван сарын турш Замын даргагүй ажиллаж байна.
Энэ хугацаанд тус нийгэмлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг Замын даргын нэгдүгээр орлогч И.В.Милостных удирдаж буй юм. Гэхдээ УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа амьд ахуйдаа үүнээс өмнө, 2021 оны хоёрдугаар сарын 8-нд эрүүл мэндийн шалтгаанаар энэ албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Чухамдаа тэр үеэс хойш УБТЗ-ын дарга хэн болох вэ гэдэг асуудал яригдсаар өнөөг хүрч буй юм.
Манай талаас энэ хугацаанд Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг УБТЗ-ын даргад “нэр дэвшүүлсэн” ч Оросын тал гурвууланг нь “голсон” байдаг. Ийм байдалтай байж байтал УБТЗ ХНН-ийн удирдах байгууллага Ерөнхий хорооны хурал зарлагдав. Цар тахал, бусад шалтгааны улмаас удаан хугацаанд бололгүй өнжсөн УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны хурал уржигдар /2021.10.12/ Оросын Эрхүү хотод боллоо. Ерөнхий хорооны хуралд манай талаас ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, УБТЗ-ын Замын даргын нэгдүгээр орлогч И.В.Милостных нарын есөн хүн оролцсон байна. Ерөнхий хороо энэ хурлаар олон чухал асуудал хэлэлцсэн ч олон нийт УБТЗ-ын даргаар хэнийг томилох вэ гэдэгт олон нийт илүүтэй анхаарах шиг боллоо. Гэвч энэ хурлаар Замын даргын томилгоотой холбоотой ямар нэг шийдэл гарсангүй.
Гэхдээ шинэ “нэр дэвшигч” тодорчээ. Тэр нь ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат аж. Д.Ганбат нь 2016-2017 онд сайдаар ажилласан. Сайдаас бууснаасаа хойш АТГ, прокурорын үүд сахиж, бүр цагдан хоригдож, шүүхээр шийтгүүлж ч байв.
Тэрбээр Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарыг шийтгэсэн хэрэгт хамт шүүгдэж явсан. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг авах Засгийн газрын эрхээсээ татгалзаж, “Монголын зэс корпораци”-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон. Мөн түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирлаар ажиллаж байхдаа янз бүрийн байдлаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээллүүд байдаг.
Гэхдээ шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ганбатад холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн байдаг.
Мөн өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой нэгэн мэдээлэл саяхан хэвлэлд нийтлэгдэж байв. Энэ хүн УБТЗ-ын даргад зүтгээд эхэлжээ. Зүтгээд ч гэж дээ, МАН, АН-ын нөлөө бүхий улстөрчид хүч хавсраад зүтгүүлж байна.
Эх сурвалж : polit.mn