Ч.Мөнхсайхан : Э.Одбаярын биеийн байдал хүнд байна
“No Double Standard” хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилсан ч, удалгүй шүүхээс тэднийг 30 хоног хорих шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн иргэн Э.Одбаярын хувьд өлсгөлөн зарлаад 10 гаруй хонож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Ч.Мөнхсайханаас түүний биеийн байдал, одоогийн нөхцөл байдлыг тодрууллаа.
-Э.Одбаяртай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ? Түүний биеийн байдал хэр байна вэ?
-Хамгийн сүүлд 5 дахь өдөр уулзсан. Ингэхэд биеийн байдал нэлээд тааруу, ядрангуй байсан. Хагас, бүтэн сайн өдөр хөдөлгөөн хязгаарласан учир уулзаж чадсангүй. Үдээс хойш очиж уулзана. Аравдугаар сарын 6-нд “өлсгөлөн зарлах” тухай хүсэлтээ ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн холбогдох албаны хүмүүст өгсөн. Аравдугаар сарын 4-ны өдрийн 22 цагаас хойш юм идээгүй. Үүнээс хойш энэ сарын 11-нд хүсэлтийг нь албан ёсоор хүлээж авч өлсгөлөн зарласан гэж хорих анги үзэж байгаа.
-Ямар үндэслэлээр хүсэлтийг нь хүлээж аваагүй удаасан бэ?
-Юуны түрүүнд, шинжилгээ авахад Э.Одбаярын биеийн байдал тааруу, өлсгөлөн зарлахад тохиромжгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй. Гэсэн ч иргэн Э.Одбаярын хувьд “Миний өлсгөлөн зарлах эрхэд хэн нэгэн хүн, байгууллага халдах ёсгүй” гэж үзэн дахин хүсэлтээ өгсөн. Тиймээс ахиад шинжилгээ авч байна гэсээр байтал 5,6 хоног өнгөрч энэ сарын 11-нд өлсгөлөн зарлах хүсэлтийг албан ёсоор хүлээж авсан. Одоо Э.Одбаяр тусгаарлалтын байдалтай байна.
Өлсгөлөн зарлахаас өмнө аравдугаар сарын 1-нд талбай дээр жагсаал хийх үеэр цагдаа нар чирж, гулдчин түүнээс болж нуруу нь өвдсөн гэсэн зүйл ярьж байсан. Түүнчлэн түүний хамгийн эхний шинжилгээний хариугаар бөөр асуудалтай байна гэсэн.
-Э.Одбаярын өлсгөлөн зарлах болсон шалтгаан юу вэ?
-Өөрийг нь хийгээгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгааг эсэргүүцэж байгаа. Хоёрдугаарт, Засгийн газарт тавьсан “Nodouble standart” иргэдийн хөдөлгөөний шаардлага 26 дахь хоног дээрээ хорих ангиас үргэлжилж байна. Гуравдугаарт, өмгөөлөгчгүйгээр байцааж, цагдан хорьж, хуулийн ялгамжтай байдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж ийнхүү өлсгөлөн зарлаж байна.
Э.Одбаярын хувьд “Ковидизм” буюу коммунизмын нэг төрөл өнөөгийн нийгэмд тогтсон. Үүнийг бүхэлд нь дарангуйллын нэг хэлбэр гэж хэлж болно. Дарангуйлал Монголд нэгэнт бүрэлдэн тогтсон байна. Иргэдийнхээ үгийг сонсохгүй эрх баригч нам, удирдагч байна гэдэг нь дарангуйллын хэлбэр рүү орж байна” гэдгийг удаа дараа мэдэгдсээр ирсэн юм.