Урлагийн тоглолтоор хаацайлсан улс төрийн үйл ажиллагаа амжилттай болсон уу
Энэ сарын 15-нд “Зайсан Хилл” цогцолборт “Камертон” хамтлагийн тоглолт болж олон нийтийг хамруулсан өргөн хүрээний арга хэмжээ зохион байгуулсан. Ингэхдээ НОК–оос зөвшөөрөл аваагүй болохыг холбогдох албаны хүмүүс ч мэдээлсэн юм. Цар тахлын тархац өдрөөс өдөрт хүндэрч байгаа өнөөгийн цаг үед утга авцалдаагүй тоглолт зохион байгуулж, сошилд олны дургүйцэл бухимдлыг төрүүлсэн нь юунд хэрэгтэй байв?
Уг асуудлын маргааш нь СХД-ийн 18, 28-р хорооны нөхөн сонгууль хэл амгүй, олны анхааралд өртөлгүй дуусаж шинэхэн гишүүдээ угтан УИХ-ийн танхим хүлээж авахдаа бэлэн болжээ. Асуудлыг шийдэж амжаагүй байхад, асуудлыг улам том асуудлаар дардаг дүрмээрээ урлагийн тоглолтоор улс төрийн үйл ажиллагаа амжилттай болчих шиг.
Э.Батшугарын хувьд 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд СХД-т “өвдөг шороодсон” ч ийнхүү аав нь намын тамгаа наймаалсны хүчинд эрхэм гишүүн гэгдэх болж байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН, МАН нэгдэх гэрээнд гарын үсэг зурж, улс төрийн том тохироо хийсэн юм. Үүний үр дүнд СХД-ийн нөхөн сонгуульд Н.Энхбаярын хүү Э.Батшугар МАН-аас нэр дэвших боломж бүрдсэн юм. МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар СХД-ийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр 95 хувийн саналаар дэмжин гарч ирлээ.
Харин МАН–ын залуу боловсон хүчнүүдийн нэг нэр дэвшигч Ц.Идэрбатын хувьд орон нутгийнхаа МАН–ын хороонд анхан шатнаас ажилласаар өдий хүрчээ. Төрийн албаны туршлага гэвэл Хэрлэн сумын Засаг даргын орлогч, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, Хэнтий аймгийн ИТХ–ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа түүнийг аймгийн Засаг даргаар томилсон байдаг.
Энэхүү тоглолтын сенсаци ямартай ч нөхөн сонгуулийн үр дүнг нам дарж чадлаа. Цаг үе нь ингээд таарчихсан уу? Цааана өөр санаатай байсан уу?