6-11 настай хүүхдүүдийн 98 хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагджээ
Сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Тиймээс нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакциныг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд тарьж байгаа. Вакцинжуулалтын явц ямар байгааг НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа.
Тэрбээр, “Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны есдүгээр сарын 13-наас нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр настай хүүхдүүдийн 91 хувь, гурваас таван настай хүүхдүүдийн 97 хувь, зургаагаас арван нэгэн настай хүүхдүүдийн 98 хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. Харин жирэмсэн эхчүүдийн хамрагдалт 15 хувьтай байгаа юм. Тиймээс 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдийг томуугийн эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Иргэд томуугийн вакцинд хамрагдсанаар томуу огт тусахгүй гэсэн ташаа ойлголттой байдаг. Энэ бол буруу. Вакцинд хамрагдсанаар учирч болох эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой гэдгийг хэлье” гэлээ.
Иргэд та бүхнийг томуугийн вакцинд хамрагдах талаар мэдээлэл хүргэе :
Улаанбаатар хотод:
- 2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт
- 6 сартайгаас 9 насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад
Аймгийн төвд:
- 2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт
- 2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад
Анхаарах зүйлс :
Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?
- Эмчийн үзлэгт орох
- Дулаан хувцаслах
- Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
- Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
- Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
Вакцины эсрэг заалт:
- Вакцинд хэт мэдрэг хүн
- Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн
- Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн
- Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
- Дархлал дутмагшилтай хүн
- Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн
- Хавдарын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн
Вакцин хаана үйлдвэрлэсэн вэ?
- Манай улсын хувьд улирлын томуугийн эсрэг гурван цэнт А хүрээний H1N1, H3N2, B хүрээний хэв шинжийг агуулсан вакциныг БНСУ-ын Грийн Кросс үйлдвэрээс саяхан хүлээн авч одоо дархлаажуулалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
- Мөн ДЭМБ-аас Бразил улсад үйлдвэрлэсэн (Butantan) гурван цэнт томуугийн эсрэг вакцин буюу томуугийн гурван вирус болох томуугийн А хүрээний H1N1 болон H3N2, томуугийн В хүрээний вирусийн эсрэг дархлаа үүсгэдэг вакциныг Монгол улсад дэмжлэг болгон гардуулан өгч байна.
Эх сурвалжууд:
“Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын 10 хоног – ЭМЯ