Хятадын хил дахиад 14 хоног хаалттай байх нөхцөл үүсчээ
БНХАУ хилээ хаасан нь худалдааны эргэлт, ачаа тээвэр гацах шалтгаан болоод байгаа. Тэгвэл одоогийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчидтэй уулзах үеэрээ дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр “Замын-Үүд боомтод 2021.10.19-ний өдөр манайхаас шалтгаалахгүйгээр коронавирусийн таван тохиолдол илэрсэн. Үүнтэй холбоотойгоор нэлээн хатуу арга хэмжээ авч байгаа юм байна. Зөвхөн Эрээн гэлтгүй Шивээ хүрэнгийн боомтоос цааш 80-аад км-т байдаг сууринд ч халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл авсан.
Замын-Үүдэд бүртгэгдсэн халдварын тохиолдын хавьтлуудыг тодорхойлох зорилгоор 10-14 хоног ажиглана гэж байгаа. Энэ хугацаанд манай урд хил хаалттай байх нөхцөл байдал үүсээд байна.
Харин Гашуунсухайт боомтоор 2021.10.19-ний дөрө 409 нүүрс тээврийн машин урагшаа гарсан байна. Энэ бол сүүлийн 5-6 сарын хугацаанд сонсогдоогүй тоо. Нүүрс тээврийн жолооч нарын бөмбөлөгөн систем үр дүнгээ өгч байна” гэлээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хоёр шалтгаан байна. Нийлүүлэгч талаас цар тахлын улмаас үнэ өртөг өсөх асуудал байна. Нөгөөтээгүүр тээвэрлэлттэй холбоотойгоор хилийн цаана байгаа нөөцийн агуулахын асуудал байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн тээвэрлэлт аажмаар буурахад тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах агуулахын зардал мөн дагаж өссөн.
Өчигдөр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хамт БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан. Ингэхдээ хил дээр байгаа, түргэн муудах магадлалтай хүнсний бүтээгдэхүүнийг яаралтай татан авах зохицуулалт хийх хүсэлт тавьсан.
Элчин сайд хоёр үүнд онцгойлон анхаарах талаар хэлсэн. Нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж байж л хүнсний үнийн өсөлтийг барина. Гэхдээ цаашдаа цар тахлаас үүдэх тааварлашгүй нөхцөл байдлаас үүдэн хүнсний үнийн өсөлт үүсэх эрсдэл харагдаж байна. Тэгэхээр нөөц бүрдүүлэх тал дээр илүүтэй анхааран ажиллана” гэлээ.