Э.Батшугар, Ц.Идэрбат нар маргааш ТАНГАРАГ өргөнө
Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд болж дууссан. Нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат, Э.Батшугар нар маргааш Монгол Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөнө.
Ц.Идэрбат Хэнтий аймгийн нөхөн сонгуульд санал өгсөн сонгогчдын 73.03 хувийн буюу 17 264 иргэний санал авсан бол Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Э.Батшугар сонгогчдын 51 хувь буюу 28 537 иргэний санал авсныг Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон тогтоол гаргасан.
Дээрх хоёр тойрог нийт 148 хэсгийн хороотой бөгөөд энэ сарын 10-нд зохион байгуулсан нөхөн сонгуульд 17 хэсгийн хороо нь 50+1 хувийн ирцэндээ хүрсэн юм. Ингэснээр, нийт ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 37.04 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг 39.61 хувь байсан тул нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн. Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд 131 хэсгийн хороонд явуулсан бөгөөд өмнөх санал хураалтад оролцоогүй хүмүүс саналаа өгсөн. Ингэхдээ тэдгээрийн саналыг өмнөх дүнд нэмж тооцсон юм.
Нэмэлт санал хураалтын эцсийн дүнгээр Сонгинохайрхан дүүрэгт ирц 48.89 хувь, Хэнтий аймагт 46.65 хувь байсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэмэлт санал хураалтад ирцийн босго тавьдаггүй бөгөөд иргэдийн нийт саналаас олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-д танилцуулдаг. Энэ дагуу СЕХ-ноос УИХ-д дүнг танилцуулж, Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх юм.